Wish i live without “him”

ХҮМҮҮС ТҮҮНД ҮҮНИЙГ ДААЛГАСАН
“Түүнийг” хүмүүс анх манаачийн ажилд авсан юм. Бидний хувийн өмчийг хулгайч, дээрэмчдээс хамгаал, манай газар нутгийг тайван амгалан байлгахын тулд гэмт хэрэгтэн, түрэмгийлэгчдийн эсрэг зогс, бидний бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч дагаж мөрдөж буй хэм хэмжээ, шударга ёсны зарчмыг сахин хамгаал (харин тогтоох гэж бүү оролд) гэж хүмүүс “түүнд” хэлээд багагүй хэмжээний цалин урамшууллыг боломжийнхоо хэрээр өгч байхаар тохирчээ. Түүнд талтай зарим нэг нь энэ ажлыг “шөний манаачийн ажил” хэмээн өхөөрдөн нэрлэсэн юм. Манаач хүмүүсийн байшинг найдвартай хамгаалж байх ёстойгоос тэдэнд байшин барьж өгөх гэхийн хэрэг огтоос үгүй байв.
Цаг хугацааны явцад хүмүүсийн үйл ажиллагаа улам нарийн боловсронгуй болж шинэ шинэ харилцаа бий болохын хэрээр “түүнд” өгөх даалгавар ч нарийсч байв. Чи миний хувийн өмчийг хамгаалахын зэрэгцээ миний найзын өөртөө хувийн өмч олж авч эзэмших эрхийг нь ч хамгаал гэж “түүнд” даалгажээ. Учир нь хэн нэг нь байшин бариад нөгөөдөө зээлээр зарах, хувийнхаа газрыг зараад өөр нэгний байшинг бариулах зэргээр өмчөө мэдэх жам ёсны эрх хүмүүст байсан юм.
Зарим хүн зарсан газар дээрээ өөрөө байшин бариад суучих, зээлийн байрныхаа төлбөрийг төлөлгүй өөд болчихсон мөн зарим нь хоорондоо хуйвалдан төмөр хадаасны үнээр модон хадаас зарах зэрэг асуудал гарах болсон тул бүх нийтээрээ ойлголцож тогтсон эмх журамд суурилаад бичмэл хэм хэмжээг бичиж гаргаж байх ажлыг “түүнд” хариуцуулав. Мөн энэ журам бяртай чадалтай, баян, ядууг ялгалгүйгээр хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстойг сануулаад зөрчсөн нэгэнд нь шаардлагатай бол хүч хэрэглэж байх эрхийг өөрсдийнхөө өмнөөс олгожээ.
“Шөний манаачийн” үүрэг ийнхүү ойлгомжтой байсантай адил хүмүүсийн ажил хөдөлмөрийн хуваарь ч өөр өөрийн мэдлэг, ур чадварт суурилан тодорхой гарсан байдаг бөгөөд хэн ч нэг нэгнийхээ ажилд садаа болохгүй, бүгд өөр өөрийн амьдралаа хариуцан ухамсарладаг байв. Харин манаач “өмчлөх эрхийг хамгаал” гэснийг өөрөөс нь зөвшөөрөл авч өмчлөх ёстой, “шударга ёсыг мана” гэснийг шударга гэж юу болохыг тогтоо гэсэн үг хэмээн мэлзэх болсон юм.
Эцэст нь “түүнд” буу байдаг болохоор бүгд түүнээс айн бууж өгөхөөс арагүйд хүрсэн юм.

ГЭТЭЛ ТЭР ӨӨРИЙГ ХИЙСЭН
Ийнхүү өөрт нь олгогдоогүй эрхийг биедээ нялзаасан манаач өдөр тутам цалин хангамжаа нэмэх болж гуталчин, барилгачин, талхчин, бичээч гээд ажил хийж буй хүн бүрийн олсон орлогынх нь талаас илүү хувийг өөртөө авах болсон байна. Баялаг бүтээх гэж зовсноос түүнтэй нөхөрлөвөл амар хялбар амьдарч болохыг ойлгосон олон хүн “түүнийг” тойрон хүрээлэх болов. Тэд ч жинхэнэ манаачаас илүү их шулан мөлжигчид болсон төдийгүй “түүнтэй уулзуулж асуудлыг нь шийдэж өгөх” нэрийдлээр их хэмжээний хээл хахууль авах боллоо. Яваандаа энэ хахуулийг өгөлгүйгээр ажил төрлөө явуулах төдийгүй амьд явах ч боломжгүй болсон юм.
Энэ байдалдаа ханаагүй манаач болон түүнийг хүрээлэгчид өнчин, ядуу хүн их байгаа тул орлогыг шударга хуваарилах хэрэгтэй гэсэн нэрийдлээр илүү ихийг хийж бүтээсэн хүмүүсийн аж ахуйг булаах болов. Уул нь хүмүүсийн анхнаасаа ойлголцож дагаж ирсэн жам ёсны зүй тогтлоор бол хүн бүр хийсэн бүтээснийхээ хэрээр үр ашиг хүртэх ёстой бөгөөд бүгдэд ижил тэгш эрх, адил нөхцөл байх ёстойгоос бүгд ижил орлоготой байх учиргүй билээ. Харамсалтай нь олон хүн үүнийг мартсаны дээр ихэнхи нь өөрийн чадлаар амьдрах гэснээс “түүнийг” аялдан дагах нь дээр юм байна гэж бодох болжээ.
Учир нь “тэр” хийж бүтээснийг нь булаагаад зогсохгүй юуг, хаана, яаж хийгээд хэдээр хэнд зарах ёстойг нь ч заах болсон юм. Энэ бүх зааврын дагуу ажиллаж гэр бүлээ тэжээж тэтгэх нь бараг боломжгүй зүйл билээ.
Хүн анх үүсэхэд хамт үүссэн жам ёсны эрх, чөлөөт худалдаа, эдийн засгийн эрх чөлөөний зарчмууд үгүй болж “түүний” тогтоосон журам заавраар явах болсноор үргэлж дээш тэмүүлдэг хүний мөн чанар бүдгэрч хөгжил зогссон юм. “Түүний” гар хутгалдсан бүхэн нуран унаж үгүйдээ гэхэд зогсонги байдалд орж байлаа.
Эцэстээ хүмүүс хувийн өмч, нийтийн сайн сайханаа манаачаас өөрөөс нь хамгаалах нь асар том асуудалтай болсон юм.

ТҮҮНИЙГ ЯАХ ВЭ?
“Тэр” одоо ч буу зэвсэгээ барин хэнийг ч яаж ч хашраахад бэлэн зогсож буйн дээр, түүнийг тойрон хүрээлсэн үй олон бэртэгчин этгээд араа шүдээ яралзуулан таны хувийн өмчийг булаан дээрэмдэж, бизнесийн эрх чөлөөг тань хааж боогдуулан, амьдрал ахуйг тань таны өмнөөс зохицуулна хэмээн хутгалдаж байгаа.
Дахин сануулахад “түүний” үүрэг энэ огт байгаагүй бөгөөд өнөөдөр бол “түүнд” элдэв янзын эрх л байхаас үүргийн тухай ойлголт огт үгүй болжээ.
Өмч хөрөнгийг харж хамгаалах ажлаа хийхийн оронд тэдгээрийг өөрийн гэж үзэн захиран зарцуулж эздийг нь айлган сүрдүүлэх замаар команддаа байлгаад байгаа “манаачийг” яах ёстой вэ?!
Өөр “сайн хүнээр” манаач тавих тухай бүгд ярьж байгаа бөгөөд өмнө нь олон ч удаа манаачаа сольсон боловч байдал огтоос дээрдээгүй билээ. Учир нь угаас “сайн хүн” энэ ажилд гарч ирдэггүй буюу хүн нь хэдий шударга журамтай байвч манаачийн амьдардаг цамхаг нь тэднийг заавал ч үгүй өөрийгөө бүхнээс дээгүүр тавин амьд хүмүүсээр шатар тоглохоор ирсэн амьд бурхан гэж бодуулаад байдаг муу ёрын халдварт өвчинтэй газар билээ.
Цамхагийн энэ нөлөөг багасгахын тулд түүнийг аль болох “намсгах” хэрэгтэй гэнэлээ. Тэгвэл манаачийн урт гар бүх зүйлд хутгалдах явдал багасна. “Түүний” команд бага бөгөөд хийх ажил нь цомхон байх тусмаа хүмүүст амар тайван байх болно.
Ерөөс тэрхүү аймшигт буутай этгээд огт үгүй байсан бол амьдрал ямар сайхан байхсан болоо. Хүн бүрт оюуны өндөр потенциал байдаггүй ч гэлээ хэнээс ч хамааралгүйгээр өөрийнхөө амьдралыг авч явах чадвар байдгийн адил “манаачийг” давруулалгүйгээр нийтлэг эрх ашгаа хангах ухамсар байх л учиртай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s