9 Main values of ambitious boys

Юуны өмнө амбийц гэдэг бол огтоос муу юм биш гэдгийг хүлээн зөвшөөрдөгөө хэлэхийг хүсч байна. Энэ бол хүсэл тэмүүлэл, зорилготой байхыг хэлдэг гэдэг утгаараа хүн бүрт байх ёстой зүйл. Тамирчин хүн олимпийн медаль авах, эрдэмтэн залуу шинэ нээлт хийх, дуучин хүн од болохын төлөө амбийцлах нь зүй ёсны бөгөөд бахархалтай хэрэг. Харин манай тохиолдолд амбийц гэдгийг зөвхөн улс төрийн салбарт л их байх ширээ сандал хөөцөлдөхийн нэр гэсэн ойлголт давамгайлдаг бөгөөд энэ л утгаар ярьж бичицгээдэг тул миний бие ч энэ удаад энэ утгаар нь л бичиж байна.
1. Албан тушаал
Дарга болох өвчин нэрэгдсэн монголын залуу үе халууран дэмийрч байна. Бизнес хийх гэж зүдрэх, хэн ч тоодоггүй шинжлэх ухаан технологиор занималдахын оронд болсон болоогүй дарга даамал болоод авбал шударгаар амьдраад мөрөөдөхийн ч аргагүй сайхан амьдралаар амьдарч болоод байгаа нь өдрөөс өдөрт нотлогдож буй тул бүгд л төрийн албанд ороод авахын төлөө үхэн хатацгааж байгаа нь энэ.
Банкны газрын даргын албан тушаалыг голж улс төрийн ажил хийх болсон Занданшатар, бизнес хийх гэж зовж зүдрээгүй хэрнээ “Хаммер” унаж яваа Хүрэлсүх нарын түүхийг давтахын төлөө тарчигхан цалинтай төсвийн албаруу залуус тэмүүлж байна. Хэзээ нэг цагт дарга болно, тэр цагт жаргана гэсэн хүлээлттэй тэд төрийн ордон юмуу яамдын байшинд ороод авбал албан тушаалын замаар өгсөх эхний гишгүүр гэж боддог. Аавынхаа үүсгэн байгуулалцсан хувийн сургуулиас хуульчийн диплом авч 2 жил яаманд дадлага хийнгүүтээ Агентлагын даргаар томилогдсон Н.Удаанжаргал, УИХ-ын гишүүний туслах байснаа жинхэнэ гишүүн болчихсон Эрдэнэбүрэн нар яаж мандсныг хар л даа. Хамт сурч байсан Дорж, Дондогууд тэднээс юугаараа дутна гэж?
2. Авилга
Улс төрд орж, албан тушаалд хүрсний эцсийн үр дүн нь баяжиж хөлжих буюу том том авилгын эзэн суух явдал болой. Тиймээс л албан тушаалд хүрэхийн төлөө нүдээ ухаад өгчихөөс буцахгүй байгаа юм. Сүрэнхор яамнаасаа дэлссэн мөнгийг ганц асуудал шийдэхэд л олчихно гэж бодож байсан байх, тэгэхээр би тэр местэнд нь хүрчихвэл ч.. гэх мэтийн яриа Улаанбаатрын баарнуудад байнга биш ч багагүй өрнөдөг.
Нөгөө талаас албан тушаал нь их мөнгө дагуулдаг ч түүнд хүрэхийн тулд бас мөнгө зарцуулах хэрэгтэй. Улс төрд зориулсан мөнгө нь хамгийн ашигтай хөрөнгө оруулалт мөн тул аль болох их мөнгийг хандив, том даргын бэлэг, хүлээн авалт зэрэгт зарцуулбал тэр хэрээрээ том юманд хүрнэ. Тиймээс ажиллаж байгаа банкныхаа мөнгөнөөс хусаад аваачиж өгөөд байхад яадаг юм. Тэрбишдагва сайд залуу хүнийг дэмжээрэй гээд хамаатныхаа дүүг Х.Баатарт захиж байхад нөгөө дэмжүүлэх гэж байгаа залуу нь өөдөөс нь хандив өгч суух нь ч ийм л учиртай.
3. Нам
Чи ухаантай байж болно, хорчин байж болно гэхдээ л намгүй бол юунд ч хүрэхгүй. Тиймээс эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэхийн тулд үзэл бодол, онол зарчим энэ тэр гэж балайрах хэрэггүй хаана нь илүү шаанс байгааг зөв сонгох нь л чухал. Өвөөг нь буудаж алж байсан намыг “миний хайрт нам” гээд өмөөрч жагсаад байгаа нөхөр бол үнэндээ тийм ч тэнэг биш харин ч их прагматик хүн байгаа юм. Ардчилсан нам сүүлийн үед залуучуудын дэмжлэгийг муу авч байгаа нь залуус ардчилалд дургүйдээ биш энэ намын лидерүүдийн ээлж солигдох яагаа ч үгүй, шинэ залуучууд гарч ирэх шаанс бага байгаагаас л тэр. Түүний оронд Хувьсгалт намыг дагавал ядаж чадалтай өрсөлдөгч ч бага юм. Үгүй ядахнаа Бүгд найрамдах нам гээд л 2 жил далдагначихад шууд Төрийн нарийн болчихлоо гэж Үйлдвэр худалдааны яамныхан Нямсүрэн даргынхаа тухай ярьж байна. Аль ч намд ясны дургүй Магнай, Батзандан нар ч намаа дагасан юм чинь нарны гэрэлд хүрэх л болно.
4. Том ах
Өрсөлдөөн өдрөөс ширүүсч залуус намруу хошуурч буй энэ үед дан ганц намд элсснээр албан тушаалын зам дурайхгүй. Элсэхдээ бас нэг том дарга ахын нөмөр нөөлөгт багтаж түүний бүлэглэлд элсэх нь тун чухал. Одоохондоо яахав архинд нь гүйж л байг дараа өөрөө томорчих юм бол мөргөж орхино, М.Энхболд ах яг ингэж явж байгаад сүүлдээ үндэсний удирдагч ахыгаа алгасах шахсан гэнэлээ. Мөнх-Оргил ах ч гэсэн өөрөөсөө боловсрол муутай Энхбаяр, Нямдорж нарыг дагасан царай л гаргаж байгаа болохоос… би ч гэсэн тийм том ах болно доо гэж улс төр дэх залгамж халаанууд бодож явдаг гэхэд мөрийцсөн ч болно. Өнөөдөр ч 50-аад он 60-аад оныхны аль үе нь давамгайлагч болохын төлөө уралцан тэмцэж Засгийн газрыг унагах тогтоохоо үзэлцэж байхыг 70-аад оныхон анхааралтай ажиглаж сууна. Мэдээж тэр хооронд том ахдаа зүтгээд байгаа царай гаргахаа ч мэднэ.
5. Хор
Химийн бодис талаас нь биш элдэв явуулга, хорлон сүйтгэлт гэдэгээр нь хэлж байгаа юм. Том ах нарынхаа яаж хор найруулж хэнийг унагаж, хэнийг дэвшүүлж байгааг харж суралцсан залуус ч өөрсдөө хороо найруулж эхэлнэ. Сүхбаатар дүүргийн засаг дарга Цогзолмаа үнэхээр бусдаасаа муу ажиллаж байсан тул огцорсон гэж бодож байвал үгүй, ердөө үеийнхээ залуучуудын хоронд л хордчихсон юм. Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Болормаа ч уначих шахаж байснаа хэдэн “шижигнэсэн” залуу тушаал дэвшснээр байдал намжсан нь ч ээлжит нэгэн хорын ерөндөг. Яахав одоохондоо хот хавиар хор найруулж л байна, яваандаа хамрах хүрээ түвшин нь нэмэгдэх л болно. Элбэгээ ах, Баярцогт ах нар ч гэсэн бидэн шиг л эхэлж байсан юм чинь.
6. Сүлжээ
Ах нар албан тушаал, мөнгөний хэнээтнүүдийг нийлүүлж холбож байх олон сайхан сүлжээ бий болгосон байдгийн ашиглах хэрэгтэй. Жалга дагасанаас эхлээд нам дамжсан олон сүлжээнд багтаж авах нь “ирээдүйтэй” залуу хүмүүсийн хувьд их чухал. Албан бусаар бол казинод хамт тоглох нь сүлжээний гишүүн болохын эхлэл, албан ёсоор бол Ардчилсан социалист залуучуудын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо гэх мэтийн сүлжээнд нэгдэх хэрэгтэй. Энэ мэтийн сүлжээ нь дан ганц улс төр хийх төдийгүй бизнес хийх тэр бүү хэл бөх барилдах, дуу дуулах, загар өмсөхөд ч тун чухал нөлөөтэй тул үүнд нэгдэж Удирдах зөвлөлийнх нь гишүүн болсны төлөө сарын 250 мянган төгрөгийн хандив өгч байх нь юу ч биш. Худлаа гэвэл Өсөхөө аварга, “Номин талст”-ын Хаянаа, мисс Содтуяа, “Алтай констракшн”-ий Бат-эрдэнэ нараас асуухгүй юу.
7. Хар хүч
Хаа сайгүй шигсэн хачиг хувалзнуудын сүлжээ нь түүнийг барьж байхын төлөө цутгаж байдаг их мөнгөтэйгээ нийлэхээр мэдэж их хүчтэй, бяртай байх нь зүйн хэрэг. Улаан хамгаалагчид шиг босоод ирсэн ч чадах энэ их хар хүчнээс хэн ч гэсэн сүрдэнэ.
Энхбаяр гуай Хүрэлсүх нарын залуучуудыг “дэмжиж” намынхаа хурал хуйн дээр дэмжлэгийг нь авдаг байснаа сүүлдээ өөрөө ч айдаг болсон юм гэнэлээ. Одоо дараагийн ээлж нь Хүрэлсүхийгээ ч үгүй хийхэд бэлэн араа шүдээ гялалзуулцгааж байгаа вий. Аливаа хар хүчийг тогтоож барих, хэмжээ хязгаартай байлгах хэцүү. Хяналтаас нэг л гарчихвал юунд ч дийлдэхгүйн дээр эргэн тойрондоо маш их хөнөөл учруулна. Чухам иймээс л яахаас ч буцахгүй амбийцтай залуучуудын байр суурь улс төрд нэмэгдэхийн хэрээр аюултай. Өөрсдөө бол үүнийгээ бид хүчирхэг, нэгмдэл байна гэж бодно, үүндээ ч баахан эрдэнэ. Залуучууд нь зөв амбийцладаг, түүнийг нь зөв дэмждэг газар бол залуучууд гарч ирэх нь харин ч сайн зүйл баймаар.
8. Бэлтгэлжилт
“Хүн бүр бага балчраасаа туйлын арвич хямгач… байх ёстой” гэдэг шиг улс төр хөөхгүй гэж байгаа залуу хүн бүр бага балчраасаа бэлтгэх ёстой. Залуу хүн бүр өөрийгөө хөгжүүлж сонгон авсан мэргэжил, салбартаа төвлөрдөг эрүүл саруул бэлтгэлжилттэй огт хамаагүй бэлтгэлжилт “жижигхэн дарга” нарт шаардагддаг. Дарга болохын тулд яаж худлаа дүр эсгэж, өөрөө ч ойлгоогүй чухал чухал үг ашиглан ярих, хэрхэн долигнох, яаж явуулга хийх мэтээр. Ганцхан хүний жишээ авахад, МАСЗХолбооны Нарийн бичгийн дарга Мөнхбат гэдэг залуу яаж өөрийгөө улс төрд бэлдсэн тухай оюутан цагийн нөхөд нь ярьдаг. Тэрээр оюутан байхдаа сургуулийнхаа Оюутны зөвлөлийн дарга болохоос карераа эхэлсэн бөгөөд ингэхдээ уг сонгуульд санал өгөх эрхтэй оюутнуудыг архидуулж сурталчилгаагаа хийсэн байна, дараа нь нийт МУИС-ийн Оюутны холбооны даргад шат ахихаар шийдэж салбар сургуулийн оюутны зөвлөлийн дарга нарыг мөн л архидуулан гар утасаар хахуульдах, оюутны чуулганд Архангайнхныгаа цуглуулах зэрэг нарийн аргуудад суралцжээ. Сүүлд нь тэрээр Төрийн ордон гэдэг газар ямар нэг байдлаар орох нь зөв гэж үзэн Төмөр-очир гишүүний сонгуульд оюутны байгууллагаа ашиглуулж тоогдсоны хариуд туслах нь болж оров. Бичиг цаас, цай зуурхан зөөдөг уг ажил энэ том даргад гологдож байсан ч тэрээр бүүр том дарга нартай хэрхэн харилцахыг энд сурчээ. Хэрхэн суралцсанаа шалгуулах мэт Алтан сарнай ёолкон дээр дарга нарт зориулж бичсэн шүлэгээ өөрийн биеэр уншив.
9. Хүнээ байх
Нам, сүлжээнд нь орж том ахыг бараадснаар өнөөгийн улс төрийн орчинд амжилт олоход бас чиг хангалтгүй болжээ. Иймээс хамгийн сүүлийн шалгуур бол “хүнээ байх” явдал. Энэ нь хүн чанар, ёс суртахуунаа гээж мэдлэг оюуныг биш мөнгийг, ухааныг биш хорон явуулгыг үзэл санааг биш материаллаг ашгийг шүтсэн албан тушаалын төлөө эцгээсээ татгалзаж, эхийгээ золиослохоос сийхгүй, худлаа ярьж байхдаа нүдээ ч цавчдаггүй хүн биш араатан болно гэсэн үг. Хэр их хүнээ байна тэр хэмжээгээр улс төрд амжилт олно.

Улс төрд амжилт олсон залуу хүн бүр эдгээр 9 зүйлийг чиг барижаагаа болгодоггүй байж болох л юм. Гэхдээ л өнөөгийн улс төрийн орчин, залуучуудын байгаа байдлын нийтлэг дүр энэ яах аргагүй мөн. Үнэндээ эд бол Монголын ирээдүй биш.
Харин мөрөөрөө ажлаа хийгээд, хийж бүтээгээд явж байгаа боловсролтой, хүн чанартай олон сайхан залуучууд л монголын ирээдүй бөгөөд тэд “би бол монголын ирээдүй, залуу үе” хэмээн цээжээ дэлдэж талбай дээр хашгичдаггүй. Гэвч бага байхын ухаан муутай бэртэгчин этгээдүүд хулганы нүхэнд ч хамаагүй шоу хийж зурагтаа шүлсээ үсчүүлэн эх орны тухай яриад байхаар дургүй хүрч хааяа дугармаар ч юм шиг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s