The Price of understanding price

“Сайхан бол үнэн, үнэн өөрөө сайхан. Ингээд л боллоо” Монетар эдийн засгийг үндэслэгч “инфляцийн дайсан” Мильтон Фрийдман гуай энэ үгийг ишлэх дуртай байсан юм гэнэлээ. Харамсалтай нь манайд өнөөдөр чөлөөт зах зээл дээр аливаа хөндлөнгийн зохицуулалтгүйгээр эрэлт нийлүүлэлтийн харьцаан дээр тогтсон тэнцвэрт үнэ л хамгийн шударга байдаг гэсэн энгийн үнэнг үл ойшоогчид ард түмний амьдралыг өөд татах “илүү шударга, илүү сайхан” уриа лоозонгуудыг дэвшүүлэх болжээ. Мэдээж хэрэг үнийн өсөлт ард иргэдийн худалдан авах чадварыг унагаж эдийн засгийг хорлон сүйтгэж байгаа явдлыг анзаарахгүй байж болохгүй. Ялангуяа Үндэсний статистикийн газрын тооцсон 13 хувиас хамаагүй илүүгээр өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дотроо өрхийн зарлагын 40 гаруй хувийг эзэлдэг хүнс, бусад бүтээгдэхүүний зардалд хүчтэй нөлөөлдөг шатахууны үнэ ханш тэнгэрт хадаж буй өнөөгийн нөхцөлд.
Гэхдээ үнийн комисс байгуулах зэргээр үнэ тогтоолт, түүгээр дамжуулан баялагийн хуваариалтад хуруу гараа дүрэхийг санаархагчдын санал болгож буй аргаар инфляцитай тэмцвэл өр төлөөс нь бүр ч их байх болно.
Ямар ч асуудалд “удаан, хүлээцтэй” ханддаг гэсэн имижтэй Ерөнхий сайд Үйлдвэрчний эвлэлийн шинэхэн даргын хэт идэвхитэй санаачлагыг өдөрт нь шүүрэн авч үнийн өсөлттэй тэмцэх комисс/нэг тиймэрхүү нэртэй байсан санана/ байгуулсан тухай хэвлэл мэдээллээр сайрхан сурталчилж байна. Иймэрхүү ажлын хэсэг нь эрдэмтэн судлаачдаас бүрдэж эдийн засгийн боломжит арга хэрэгслүүдийг судалж, санал болгож болох юм. Харин дан дарга нараас бүрдсэн уг комисс үнийн өсөлтийн учир шалтгааныг судлах ажлаа эхлээгүй мөртлөө шийдвэрлэх арга замуудаа дурайтал яриад эхэлсэн нь эрх мэдэлтнүүдэд эдийн засгийг найдаж болохгүй гэдгийг илхэн харуулна.
Үнэн хэрэгтээ тэдний ярьж байгаа шиг цалин нэмэх сураг гармагц цөөн тооны олигополь компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг санаатайгаар нэмчихснээс үүдэлтэй энгийн үзэгдэл манай эдийн засагт явагдаад байгаа юм биш. Хэрэв тийм байсан бол шийдэл нь ч ойлгомжтой байх байлаа. Чухамдаа өнөөгийн инфляцийн үр хөврөл нилээд хэдэн жилийн өмнөөс бүрэлдсэн бөгөөд гол буруутан нь өдгөө ард түмнээ авран хамгаалах гээд байгаа эрхэм Төр өөрөө юм. Төсвийн зарлага сүүлийн дөрвөн жилийн дотор 8 дахин нэмэгдсэн явдал бол өнөөгийн инфляци болоод угтан буй хямралын шинж тэмдэг билээ. Яг л ханиад авсан хүн халуурдаг шиг. Энэхүү “халуурлын” учир шалтгаануудыг тоймлох гэж оролдоё.

Төсөв, мөнгөний бодлого
Алт, зэсийн үнэ өсөж гэнэт мөнгөжсөн засгийн газар миний л санахын сүүлийн 4-5 жилд гуравыг нь ямар нэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил гэсэн лоозонтойгоор үдсэн. Үүний цаана төсвийн маш их хэмжээний хөрөнгө оруулалт явагдаж байлаа. Энэ байдал тасралтгүй үргэлжилж байгаа төдийгүй хүүхдийн, шинэ гэр бүлийн гэх мэтээр их хэмжээний бэлэн мөнгө тараах нийгмийн халамжийн зардлаар баяжиж байна. Албан ёсны тооцоогоор ДНБ-ийхээ тал хувийг эзэлдэг төсвийн зарлага ийнхүү эдийн засгийн өсөлтөөсөө өндөр хурдтайгаар нэмэгдэж эхэлснээр цацаж буй мөнгө нь хэзээ нэгэн цагт үнэ цэнээ алдана гэдгийг ихэнхи хүн гадарлаж байсан. Монгол банк сангийн энэхүү тэлэх бодлогыг алга ташин сайшаахын зэрэгцээ өөрсдөө ч мөнгөний нийлүүлэлтийг аль болох нэмэгдүүлэх бодлогыг доноруудтай зөрчилдөн байж баримталж байв. Үүнийгээ тэд манай эдийн засаг мөнгөөр ангаж цангаж байгаа тул аль болох ахиухан услах хэрэгтэй гэж тайлбарлаж байсан юм. Гэлээ ч эдийн засаг бол зохистой харьцааны ухаан бөгөөд инфляци нь хэзээд, хаана ч мөнгөний л үзэгдэл байдаг билээ.

Татвар, төлбөр, зөвшөөрөл
Хорин хоёрын товчоон дээр 1200 төгрөгийн өртөгтэй ирж буй мах хүнсний зах зээр очихдоо 2500 төгрөг болж байгаа нь дан ганц ченжүүдийн шуналаас үүдэлтэй юм биш. Олон төрлийн зөвшөөрөл, хяналт шалтгалт, төлбөр, хураамжууд нь ийм байдалд хүргэдэг. Гэхдээ энэ бол хуулиар тогтоосон татвар биш ердөө л дүрэм журмуудаар бий болгосон төлбөр, хураамжуудын үнэ. Дээр нь татварын асуудлыг ч ярьж болно.
Мянган төгрөгөөр зарагдаж байгаа бензиний үнийн 260 төгрөг нь татварын буюу шууд бус зардал болдогийг ШБӨХЗХороо тооцжээ. Өөрөөр хэлбэл онцгой татвар, гаалийн татвар зэргийг 50% бууруулахад л литр бензиний үнэ 870 төгрөг болгох боломжтой гэсэн үг. Татвар төлбөрийн аль аль нь биш боловч төрийн түрэмгийллээс үүдэлтэй үнийн өсөлтийн өөр нэг жишээ авъя. Хайрга ашиглах лиценз авах нь алт, зэсийн орд олж авахтай адил хэцүү ажил болоод удаж байгаа. Ийм зөвшөөрөл авахын тулд нэг га тутамд 100 сая төгрөгийг авилгалд хаях, тухайн нутгийн сумын даргад 5-10 сая төгрөг өгөх жишигтэй гэдэг. Энэ мөнгийг эцэстээ шинэ байр авч буй иргэд л төлнө.
Татвар хураамж болоод элдэв зөвшөөрлийн шат дамжлага нь үнэндээ хэрэглэгчдийн нуруун дээр л дарамт болдогийг эдгээр жишээ харуулж байна. “Инфляци бол хуульгүй татвар” гэдэгчлэн татвар, төлбөр өөрөө инфляцийн шалтгаан болсоор.

Давуу эрх олголт ба протекционизм
Сүүлийн өдрүүдэд улс төрчид “Алтан тариа”, “Улаанбаатар гурил” болон нефть импортлогч компаниудад жигтэйхэн дургүй болж. Үгсэн хуйвалдаж үнээ нэмээд миний ард түмнийг хохироолоо гэж. Яс юман дээр өмнө нь бүгд л үндэсний үйлдвэрлэлээ хамгаалан хөгжүүлдэг баатрууд болохоо амлаж хилээр гадны гурил оруулахгүй, Алтан тариа, Улаанбаатар хоёрыг айл бүрт хүргэхийн төлөө төсвийн мөнгө, зээл тусламжаар бүх талаар дэмжиж байгаагаа гайхуулдаг байсан шүү дээ. Ингэснээрээ тэд өөрсдөө гурилын зах зээлийг өрсөлдөх чадваргүй болгож хоёрхон компани үгссэн ч бай үгүй ч бай ямар нэг шалтгаанаар үнээ нэмэхэд улсаараа өлсдөг байдлыг бий болгосон билээ. Хавар бүхэн болдог махны үнийн өсөлтийн цаад шалтгаан ч гэсэн нийлүүлэлтийн хомсдол биш, цөөн тооны нийлүүлэгчийг дэмжин давуу эрх олгодогоос үүдэлтэй. Мобиком ч мөн адил ганцаараа монополь байхдаа өндөр үнээр шулдаг гэсэн шүүмжлэлд байнга өртдөг байсан бол өрсөлдөгчид олширсноор энэ салбарын үнийн түвшин илт буураад байна.
Гар утас, гурил, нефть, мах гээд аль ч салбарыг илүү либералчилж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох нь л хэрэглэгчид төдийгүй нийт эдийн засагт жинхэнээсээ ашиг тусаа өгөх болно.

Цаг хугацааны бусад хүчин зүйлс
Үнийн өсөлтийн шалтгааны арай ойрын цаг хугацаанаас хайя гэвэл хоёр хөрш болоод дэлхийн зах зээл дээрх зарим бүтээгдэхүүний үнийн болоод татварын өсөлт нь манай эдийн засагт яах аргагүй нөлөөлж байгаа. Нөгөө талаас аль эртнээс үргэлжилсээр байгаа газар, капиталын үнэ, хөдөлмөрийн хөлсний өсөлт нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж бизнес мөчлөгийнхөө дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөх шалтгаан болсон байх магадлалтай. “Урбанек” компанийн захирал Лхагважав энэ оны эхээр татварын хувь хэмжээ буурч аж ахуйн нэгжүүд хоёр балансаас нэг балансад шилжих болсонтой холбоотойгоор зардал, татварын тооцоолол бодитой болж буй тул үнэ бодит түвшиндээ ирж байна гэсэн сонирхолтой санааг дэвшүүлжээ. Үнэ бол мэдээлэл гэдэг утгаар авч үзвэл уг таамаглал ч үнэний хувьтай байж таарна.

Ямар боловч энэ жилийн инфляци нь өнөөдөр өсөөд маргааш буурч нэг оронтой тоондоо орчих хялбархан үзэгдэл биш бөгөөд харилцан хамааралтай илүү удаан хугацааны учир шалтгаануудтай. Эдгээр шалтгааны ихэнхи нь төрөөс хамааралтай байгаа тул төр өөрийнхөө үйл ажиллагаан дээр биш гарсан үр дүн дээр нь засвар хийх гэж оролдох нь үнийн өсөлтийг шийдэх арга зам биш юм. Тухайлбал зарим хүн үнийн хяналтын байгууллага байгуулж зах зээлийн дээд доод үнийг тогтоож байх санаачлага гаргаж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүн үнэтэй ч болов байж байхаа больж нийлүүлэгчид хэрэглэгчдийн аль аль нь хохирох болно. Ийм туршлага манай төрд байхгүй биш хангалттай байгаа. Нүүрсний үнийг хүчээр барьж ирсэнийг эсэргүүцэж уурхайчид бослого гаргахдаа тулсан, хэдийгээр өнөөдөр тэд ажил хаялт хийгээгүй Засгийн газрын гуйлт шахаасаар ажиллаж байгаа ч гэр хорооллын айл өрхүүд өнгөрсөн жилээс хоёр дахин үнэтэй нүүрс хэрэглэж байна. Баахан барилга бариад бүгдийг нь орон сууцанд оруулна гэж уриалсан төр гуай ипотекийн хуулиа ч гаргаагүй байж дараагийн алхамаа бодолгүй өчнөөн тендер зарлаж зах зээлд буруу дохио өгсний гороор иргэд нь үнэтэй байраа хүлээж барилгачид нь цементээ харж сууна. Одоо байрны үнийн дээд хязгаарыг тогтоон баригдах барилга ч үгүй болж санаа амрах тухай ярьцгааж байна.
Хамгийн гол нь аль нэг салбарт үнийн хяналт тогтоох нь зөвхөн уг салбартаа биш нийт эдийн засагт нөлөөлөх бөгөөд энэ нь яваандаа зохицуулалтын төдийгүй хуваарилалтын эрх мэдлийг төрд олгох юм. Хар ухаанаар бодвол Оюутны холбооны шаардаад байгаачлан төр дээд боловсролын сургалтын төлбөрт хязгаар тогтоон хянаж эхэлбэл ихэнхи дээд сургууль хаалгаа барьж цөөхөн нь үлдэнэ. Үүний дараа дээд боловсролтой болох гэсэн энэ олон залуусыг байгаа цөөн сургууль нь дийлэхгүй. Тиймээс жилд хэдэн хүн их дээд сургуульд элсэх, тэр нь хэн хэн байхыг мөнөөх л төрийн нэр баригчид мэддэг болно гэсэн үг.
Эцэст нь бидний чөлөөт эдийн засгийн энгийн үнэнийг ойлгож сургамж авахад төлөөс болж байгаа инфляцийн талаарх энэхүү өгүүллийнхээ эхэнд дурдсан ноён Фрийдманаас дахин нэг ишлэе. “Аливаа асуудлыг шийдэх гэсэн төрийн оролдлого нь түүнээсээ дор асуудлыг үүсгэх болно”

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s