My UB & Right to owe

Би Улаанбаатар хотдоо хайртай. Гэвч агаарын бохирдол нь биднийг үнэхээр алж байна. Гудамжинд ганган машинууд сүлжилдэх нь хөгжлийн нэг дүр зураг мөн гэж би боддог. Гэхдээ хонио зараад эксель авчихсан нэг нөхөр хотын зам дээр хээр талд морьтойгоо яваа юм шиг давхих, эсвэл хонь шиг бэлчихийг хараад үнэхээр бухимддаг.
Би айлын найран дээр ардын дуу аялж уртын дуугаа биширдэг ч гэсэн хорин нэгдүгээр зууны их хотод нэг аяар нэг л тоноор дуулсан хөдөөх дуунууд хит болж хөгжмийн сувгуудын өнгийг тодорхойлоод байгаад эгдүүцдэг.
Гэлээ гээд яах ёстой гэж? Бид түрүүлж хотод суурьшсан учир дахиж ийшээгээ хөдөөнөөс хүн оруулахгүй гэлтэй нь биш, дээхнэ үеийнх шиг хөдөнөөс хот бараадсан нэгнийг хөөсөн мантуугаар нь дуудаж гадуурхалтай биш. Энэ мэт нь замын хөдөлгөөнийг соёлтой болгож, нүүрсний утааг бууруулж чадахгүй шүү дээ.
Өнөөдөр манай хотод тохиолдож байгаа асуудлууд 17-р зуунд европ даяар, 19-р зуунд Америкт, 1960-аад оноос хөгжиж буй орнуудад учирч өөр өөрийхөөрөө шийдэж иржээ. Асар их шилжин суурьшилт, түүнийг дагасан эмх замбараагүй байдал, хүн амын огцом өсөлт ба хот төлөвлөлтөөс гадуурх ядуусын хороолол зэрэг нь бидэнд л гэнэт тохилдоод байгаа юм биш. Өмнөх улсуудын туршлагаас үзэхэд энэхүү шилжилт хөдөлгөөнийг зогсоож хориглох, үгүй ядахнаа манай дарга нарын ярьдагчлан орон нутгийг нь хөгжүүлж өгөх замаар сааруулах ч боломжгүй. Хаана илүү дээр амьдрах боломж байна тийшээ хүмүүс нүүх нь гарцаагүй. Энэ бол эдийн засгийн үйл хөдлөл, тиймээс үүдэн гарах асуудлыг ч эдийн засгийн аргаар л шийдвэрлэж таарна.
Хотыг зорин нүүдэллэж тэндээ тусдаа давхаргыг бий болгосон хүмүүс буюу манайхаар бол гэр хорооллынхон гэдэг үнэндээ бүгд тийм арчаагүй ядуу улс биш бөгөөд харин ч их амьдрах чадвартай байдаг бөгөөд санаанд оромгүй их баялагийг бүтээж байдаг.
Харамсалтай нь тэр бүхэн нь хуулиар баталгаажаагүй бөгөөд албан ёсны бүртгэл тооцоонд хамрагддаггүй. Тиймээс өмчлөх эрх нь баталгаагүй, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжгүй. Энэ байдлыг тэд өөрсдөө хүсээгүй бөгөөд боловсронгүй бус хуулийн тотоц, эдийн засгийн удирдлагын буруу арга барил, хүнд суртал шат дамжлага нь тэднийг аргагүй эрхэнд ийм байдалд хүргэдэгийг профессор Дэ Сото болон түүний баг батлаад бас чиг багагүй хугацаа өнгөрчээ. Тэр бүү хэл энэ тухай Капиталын нууц хэмээх ном нь монгол хэл дээр орчуулагдаж дарга нар биендээ дурсгаж байснаас хойш хэдэн жил өнгөрч. Харамсалтай нь тэд бэлэгний номнуудаа уншдаггүй бололтой.
Хувийн өмч болон өмчлөх эрхийн баталгаа нь тухайн хүний амин зуулгыг хангах төдийгөөр хязгаарлагддаггүй. Хүмүүсийг хариуцлагатай болгож, нийгмийн зөвшилцлийг хангаж, нийтлэгийг бий болгон эдийн засгийн потенциалыг нэмэгдүүлэх гээд системийн үндэс болсон олон чухал үр нөлөө бий. Соёлтой, бусдын өмнө харицлагтай аж төрөх явдал бол нэг л хэсэг нь.
Бүдүүлэг хоцрогдсноор нь дуудахаасаа өмнө бид ахан дүүстээ хашааны газрыг нь хувьчилж өгж, арилжаанд оруулах хуулийн орчныг нь бий болгоод экселээрээ олсон орлогынх нь баталгааг хангаад өгчихвөл тэд хэнээр ч хэлүүлэлгүй боловсон орон сууц худалдаад авчихна. Ингэснээрээ тэд хотод амьдрах соёлын хэм хэмжээнд суралцаж өөрийгөө хүндэлдэг болно. Бид ч гэсэн утаагаар амьсгалахаа больж зам дээр бухимдах нь багасна.
Зөв менежмент хийж чадвал төвлөрөл гэдэг бэрхшээл биш боломж, давуу тал болох учиртай билээ. Үнэндээ хотод хөдөөнийхөн ирсэнээр Улаанбаатарын зах зээл, бизнесийн боломж эрс нэмэгдэж байгаа шүү дээ. Хүн бүрийн өмчлөх эрхийн баталгаа хангагдсан их хотод бүгдээрээ эв найртай амьдарвал сайхан байхсан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s