Өгөөмөрт найдсан Монгол Заяа

10 жилийн дараа Монголын дүр зураг ямар байх вэ гэдэг нь уул уурхайн их орлогоо бид яаж удирдсанаас хамаарна. Сайн удирдвал бид дарга нарын ярьдаг шиг сайхан амьдралд хүрч муухан удирдвал Африк шиг болох нь гарцаагүй. Тэгвэл ямар хүчин зүйлүүд дээр анхаарч ямар шийдвэр гаргах ёстой вэ? Энэ чиглэлээр олон нийт төдийгүй шийдвэр гаргачдад ойлголт өгөхөд Scenario writing аргыг ашигладаг. 

Нээлттэй Нийгэм Форумаас ийм сценариудыг гаргах ажлыг зохион байгуулж монголын нийгмийн шилдэг сэхээтнүүдийг хамруулан 4 өөр сценари гаргасан бөгөөд миний бие 2 дугаар сцен буюу Монгол улс уул уурхайгаас их хэмжээний орлого олж чадах ч үүнийгээ хөгжил болгож чадахгүй байх хувилбарыг бичсэн юм. Гэхдээ энэ бол ганц миний фантааз биш олон тооны зөвлөхүүдийн санал, дүгнэлт зарим судалгаанд үндэслэсэн болно.  Бусад сценарийг уншихийг хүсвэл www.forum.mn сайтаас үзнэ үү. 

 

1.

Нар нэлээд дээр хөөрсөн ч Улаанбаатарын дээгүүр нүүгэлтэх бараан үүлсийн цаанаас мэдэгдэхтэй үгүйтэй ёлтойно. Хаврын хавсарга борчуудын гэгдэх шавар шавхай болсон хорооллоос хог шороо хуйлруулан дэгдэж хотын төвийн гял цял болсон өндөр өндөр шилэн барилгуудыг хормын төдийд халтартуулах нь харамсмаар… Салхинаас өөр ижилсэх зүйлгүй эрс тэс энэ хоёр ертөнцийг нийтийн орон сууцны навсгар хороолол зааглан оршино. Энэ хорооллын байшингуудын хот руу харсан талыг сайтар гоён будаж, цонхон доор нь нов ногоон хиймэл зүлэг суулгажээ. Харин эсрэг талынх нь хананых нь шавар энд тэндээсээ эмтэрч унаад хэзээ мөдгүй нурах гэж буй балгас шиг л харагдана.

Тэгтэл байшингуудын нэгнийх нь хамгийн хойд талын орцны хаалга чахран онгойж хөлдөө таарсан хог новшийг хайхрамжгүйхэн өшигчсөөр нэгэн эмэгтэй гарч ирлээ. Энэ бол Заяа. Нас дөнгөж гуч гарч буй боловч нэлээд оворжуу харагдах түүний араас 4 хүүхэд нь цонхоор харан хоцорлоо. Сүүлийн 20 жилд хүн амын өсөлтийг дэмжихийн тулд төрөөс маш олон бэлэн мөнгөний хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүн ч гарчээ. Заяагийн насан дээр дөрвөн хүүхэдтэй байна гэдэг тийм ч ховор үзэгдэл биш болсон. Монголын хүн амын өсөлт хамгийн оргил үедээ ирчихээд байгаа нь энэ.

Заяа арваад жилийн өмнө нэгэн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн ч эхлээд ажил олдсонгүй. Ажиллая ч гэж нэг их хайж яваагүй тул тэгсхийгээд мэдсэн сурснаа мартах тийшээ хандав. Төгсөөд удаагүй байхдаа Орхон гэх монгол залуутай гэрлэж гурван ч хүүхэдтэй болсон ч тэр нь  ажил хийхгүй, дээр нь сар бүр авдаг тэтгэмжийн мөнгөөрөө архи ууж, сүүлдээ өөрт нь гар хүрэх болсон тул аргагүйн эрхэнд хүүхдүүдээ аваад салжээ. Ингээд хэдэн жилийн дараа нэгэн хятад ажилчинтай сууж, дахин нэг хүүхэд төрүүлжээ. Төрөөс сар бүр өгдөг тэтгэмжийн мөнгөнөөс ихгүй цалин хөлстэй ажилд орох Монгол хүн бараг олдохоо байсан тул хятад ажилчдыг олноор нь авчирч суурьшуулсан юм. Үүнийг дагаад монгол эмэгтэйчүүд хятад хүнтэй гэрлэх нь хэвийн үзэгдэл болжээ. Заяа ч бусдын адил ажилтай, амжиргаатай хятад хүнтэй сууж дундаж түвшинд дутагдах гачигдах зүйлгүй л амьдарч байлаа. Нөхрийг нь Жипэнь гэх бөгөөд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барилгын хятад ажилчдыг удирдан ажилладаг байсан инженер хүн л дээ.

Гэвч аавынх нь анхааруулан хэлж байсанчлан Заяагийн амьдрал нэг л өдөр хөмөрчээ. 2018 онд дэлхийн эдийн засгийн ээлжит хямрал эхлэхэд Монголын аж үйлдвэрийн паркт хийгдэж байсан хөрөнгө оруулалт зогсож, ажилгүй болсон Жипэнь сууж байсан байрнаасаа өөр ч юу ч үлдээлгүй тэднийг үнсэнд хаясан шалз шиг хаячихаад нутаг буцжээ. Заяад хийж чадах ажил байхгүйн дээр өөрөө ч ажил олж хийе гэж нэг их зүтгээгүй өнгөрсөн юм. Тэр үед эдийн засгийн хямрал нэг, хоёр сарын дараа зогсон, бүх юм хуучин хэвэндээ орж, Заяа ч төрөөс олгодог халамжийн мөнгөөр амьдралаа аваад явна гэсэн итгэлтэй байсан цаг. Гэтэл өнөөдөр эргээд харахад 3 жилийн өмнөх энэ итгэл найдвар нь биелээгүй бөгөөд амьдралаа залгуулахад улам л хүнд болж байх шиг санагдана.

 

Уг нь Монгол Улс 2009 онд байгуулсан уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ өөрчлөлгүй дагаж мөрдөх шийдвэрийг 2013 онд гаргаснаас хойш гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, сонирхол нэмэгдсэн юм. Ер нь Оюу Толгой, Таван Толгойн уурхай ашиглалтанд орж, Монголын түүхэнд 2013 он бол Заяа шиг жирийн монгол хүмүүсийн хувьд хөгжил дэвшил тун ойрхон байгааг мэдрүүлсэн онцлог жил байлаа. Удахгүй Монгол Улс дэлхийн хөгжингүй орны нэг болж, ард иргэд нь зүгээр сууж байгаад л тансаг амьдрах тухай улс төрчдийн өдөр тутмын шахуу ярианд автсан энгийн ард иргэд ажил хийлгүй тэтгэмж аваад л хангалуун амьдрах хүсэлд автжээ. 2016 оны УИХ-ын сонгуульд ялсан нам өмнөх сонгуулийн жишгээр бэлэн мөнгө амлаж, уул уурхайн нөөцийн төлбөрийг урьдчилан авахаар тохиролцож чадсан тул хүүхдийн мөнгийг сард 300.000 төгрөг болгон нэмэгдүүлж, иргэн бүрт сард 500.000 төгрөг олгохоор шийдсэнээ зарлаж байсан нь түүнд саяхан мэт л санагддаг юм.

Тэтгэмжийн мөнгө уг нь амьдралд хүрэлцээд байдаг байсан ч хэдэн жилийн дотор төгрөгийн ханш унаж, юмны үнэ огцом нэмэгдсэнээр байдал дордож буй нь мэдрэгдэж эхэлсэн. Үүнд бага зэрэг бухимддаг байсан ч Заяа өөрийн болон хүүхдүүдийн сар бүр авдаг тэтгэмж, нөхрийн цалин зэргийгээ нийлүүлээд өдөр тутмын амьдралаа залгуулж, тун удахгүй нөгөө амласан сайхан амьдрал ирнэ гэж найдаад явж байлаа.

Гэвч гай газар дороос гэдэг шиг 2018 оны сүүлээр эдийн засгийн хямрал эхэлжээ. Аль 2013 онд байгуулсан Төсвийн тогтворжилтын сангийн мөнгийг эхлээд малчдад, дараа нь өндөр настан болон хүүхдүүдэд, сүүлдээ иргэн бүрт бэлнээр тараах хөтөлбөрүүдэд дайчлан шавхчихаад байсан тул энэ хямралтай нүүр тулахад ямар ч бэлтгэлгүй байсан Монголын эдийн засаг шууд сөхөрч эхлэх нь тэр. Эдийн засгийн хямрал гүнзгийрснээр 2020 оноос зарим тэтгэмжийн мөнгийг багасгаснаас болж одоо улс орон даяар хүчтэй эсэргүүцэл өрнөж байгаа билээ. “15.000 мянган төгрөгөөр нэг кило мах ч авч хүрэхгүй, хүүхдийн 300.000 төгрөг анх өгч байсан үеийнхээ 100.000 төгрөгтэй тэнцэх болжээ” гэсэн яриа хүн бүрийн амнаас унана.

Мөн тэтгэмжийн мөнгө багассанаар ихэнх нь амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрээд байхад цөөн хэдэн хүн эдийн засгийн хямралыг ч анзаарахгүй болтлоо хөлжсөн тухай л их ярьдаг болжээ. “Монголын нийт хүн амын ердөө 2 орчим хувь нь л зүйрлэшгүй баян тансаг,  10-аад хувь нь чинээлэгдүү, 30 орчим хувь нь боломжийн цалинтай уул уурхай, түүнийг дагасан үйлчилгээ, барилгын салбарт ажилладаг дундаж анги гэж үзвэл хоёр хүний нэг нь халамжийн мөнгөнөөс шууд хараат ядуус юм” гэсэн мэдэгдлүүд энд тэнд байсхийгээд л болдог эсэргүүцлийн жагсаал цуглааны индэр дээрээс сүртэй гэгч хадна. Заяа энэ бүхнийг сонсохоороо өөрийн эрхгүй улс орныхоо сүүлийн 20 жилийн түүхийг эргэцүүлдэг. Байгалийн нөөц баялгийнхаа ачаар сүүлийн 10 гаруйхан жилд дэлхийд гайхагдах их орлого олсон атлаа орлогын менежментийн тухай хүн бүрийн цээжинд ортол ярихаас хэтрэлгүй, орж ирсэн тэр их мөнгөө урт хугацааны тогтвортой хөгжил болгон ашиглаж чадаагүйд харамсана.

Саяхан өдөр тутмын нэгэн сонин дээр гарсан эдийн засагч нэгэн эрхмийн ярилцлагын талаар хүмүүс хаа сайгүй хэлэлцэн, маргах нь сонсогдоно. Тэрээр Засгийн газар уул уурхайн салбараас жил бүр 6 тэрбум орчим ам.доллларын орлого олж байгаа ч дийлэнх хувийг нь төсвийн урсгал зардал, бэлэн мөнгөний хөтөлбөр, үр ашиггүй дэд бүтцийн төслүүдэд ашигласан  тухай тоо баримт дурдан тайлбарлажээ. Хөрөнгө оруулалтын сангаас санхүүжүүлж ирсэн томоохон төслүүд дандаа танил тал, улс төрийн хэлхээ холбоотой хүмүүсийн гараар орж чанар муутай, үр ашиггүй болж, хайран мөнгө салхинд хийсэж байгааг хурц шүүмжилсэн энэ ярилцлага Заяад хоёрдмол сэтгэгдэл төрүүлсэн юм. Улс орон даяар өрнөж буй сум, дүүрэг хөгжүүлэх барилгын ажлаас эхлүүлээд Тээврийн яамны сайдын төрсөн сумыг хөрш зэргэлдээ аймаг, сумдын төвтэй холбосон автозамын жишиг сүлжээ, Монголын нутгийг хойноос урагш нэвт дайран гарсан нарийн царилт төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлыг бодохоор огт юм хийхгүй байна гэж шүүмжилж боломгүй мэт санагдан өмөөрмөөр ч юм шиг… Өөрийнх нь дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн сонгуулийн амлалтаа биелүүлэхээр Хөрөнгө оруулалтын банкнаас мөнгө гаргуулан барьж эхлүүлээд дуусгаж чадалгүй орхисон газар доорх 5000 машины зогсоолтой асар том цэцэрлэгт хүрээлэнг санахаар харамсмаар ч юм шиг… Дэлхийн эдийн засгийн хямрал, ашигт малтмалын үнийн уналт зэрэг нь энэ хүрээлэнг барьж дуусгахад саад болоод зогсохгүй байраа томруулж, шинэ машинтай болох Заяагийн төлөвлөгөөг ч давхар давхар нурааж орхисон юм. 

 

2.

Төв талбайд зарласан эсэргүүцлийн жагсаалд оролцогчид улам бүр нэмэгдсээр үд гэхэд талбай бараг пиг дүүрэв. Жагсагчид төв хэсэгт зассан тайзан дээр ээлжлэн гарч үг хэлж буй хүмүүсийн үгийг уухайлан давтах бөгөөд “Монгол хүн Монголдоо Европынхоос үнэтэй мах идэх ёсгүй”, “Байгалийн баялгийг ард түмний мэдэлд”, “Амлалтаа биелүүлж тэтгэмжийг нэм” гэх мэт уриа лоозон барьжээ. Заяагийн хувьд халамжийн мөнгөө нэмүүлэх цорын ганцхан хүсэлтэй ч улс төрийн шинжтэй лоозонг ч уухайлан дэмжиж хоолойгоо сөөтөл хашгирна. Зарим нь зах зайдуу газарт хэд гурваараа нийлэн архидах аж. Эргэн тойрны үнэт эдлэл, брэндийн дэлгүүрүүд бүгд хаалгаа хааж буу зэвсэгтэй хамгаалагчид гарчээ. Долоо хоногийн өмнө болсон ээлжит жагсаалын үеэр жагсагчид тэдгээр лүү дайран орж их хэмжээний дээрэм тонуул хийн, цэрэг цагдаагийн хүчээр тарааж ийнхүү хамгаалтанд авсан юм . Талбайн баруун захад хэдэн арван хүн харин “Бэлэн мөнгөөр бидний амьдрал сайжрахгүй”, “Уул уурхайн орлогыг ирээдүйн хөгжилд чиглүүл”, “Тогтворжилтын сан, Хөгжлийн Банк тайлангаа тавьж, хариуцлагаа хүлээ” гэсэн лоозон барин чимээгүйхэн зогсож байгаад тарж одов.

Тэгтэл оройхон Засгийн газраас мэдээлэл хийх гэж байна гэсэн яриа тархлаа. Үнэхээр ч удалгүй олон хамгаалагчаар хүрээлүүлсэн залуухан Сангийн сайд Өгөөмөр индэр дээр гарч ирэв. “Баг бүрт өндөр хүчдэл, Сум бүрт Мэгжид жанрайсиг!” гэсэн уриатайгаар Архангай аймгаас УИХ-д сонгогдож улмаар хамтарсан засгийн газрын гишүүн болсон энэ залуу бол эрх баригч намын нөлөө бүхий гишүүн байсан хүний хүүхэд. Тэрбээр эцгийнхээ буянд өндөр хөгжилтэй оронд мэдлэг боловсрол эзэмшсэн бөгөөд ирээдүйтэй улс төрч гэгддэг нэгэн юм.

  1. Иргэд ээ! 2018 оноос хойш дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ 60 гаруй хувиар унаж манай улсын төсвийн орлого 54 хувиар багассан. Энэ бол манай төсвөөс 35 их наяд буюу ДНБ-ий 28 хувьтай тэнцэх мөнгө дутсан гэсэн үг. Үүний улмаас бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ зогсооход хүрч, мөн иргэдэд олгодог бэлэн мөнгөний тэтгэмжийг бууруулахаас өөр аргагүй болсон…
  2. Үүүүүүү үүүү….
  3. Гэхдээ манай засгийн газар ард түмнийхээ төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажилласны үр дүнд иргэн бүрт одоо олгогдож буй хишиг, хувь дээр нэмээд улирал тутам 4 сая төгрөг буюу 1 мянган ам.доллартай тэнцэх мөнгөн тэтгэмжийг 2021 оны зургаадугаар сард багтаан олгохоор шийдвэрлэлээ.   
  4. Уухай, уухай…

Залуу сайд ийнхүү хэдхэн хормын дотор ардын баатар болон хувираад индэр дээрээс бахдалтайгаар буув. Энэхүү мөнгөн тэтгэмжийг олгох гэж буй арга нь ямар хорлонтой болохыг Өгөөмөр мэдэж байлаа. Гэвч улс төр гэдэг ийм л хойно яалтай ч билээ.

Төсвийн орлого маш их өндөр байсан 2011-13 онд Тогтворжилтын санг байгуулсан ч тэр өвөл зуданд өртсөн малчдын шахалтаар малжуулах ажилд зориулж хүүгүй шахам зээл олгох Малчдын сан байгуулахад нөөцийг нь дайчлан Монгол улс “үүцээ задалж” байсныг залуу сайд сайн мэднэ. Малчдын сан удалгүй зорилгоо өөрчилж, бүх малчин өрхөд малын тоо толгойг нэмэгдүүлэх зээл олгож эхэлсэн нь хэтдээ бэлчээрийн доройтолд хүргэж, уул уурхайтай хавсран малчдыг бэлчээрийн нутаггүй болгосныг ч тэр мэднэ. 2016 оны сонгуулийн өмнө Малчдын санг Чингис хаан сан болгон өөрчилж, иргэн бүрт сар бүр 500 мянган төгрөг, хүүхэд бүрд 300 мянган төгрөг өгөх журмыг ч тэр санаачилж боловсруулалцсан билээ.

2013 оны орлогын түвшин хэвээр байсан бол энэ их тэтгэмжийг улс “үүрээд” гарах л байсан байх. Гэтэл урьд өмнөх улс төрийн амлалтуудаа биелүүлэх гэж уул уурхайн зарим орлогыг урьдчилж аваад хэрэглэчихсэн тул орлого буурч, дээрээс нь Хөгжлийн банкны төслүүд дампуурч Монгол улсын зээлжих эрх буурсан тул аргагүйн эрхэнд Хятад улсаас 12 тэрбум юанийн зээл авч төмөр замын төслийг санхүүжүүлсэн. Түүгээр ч зогсохгүй 2020 онд бэлэн мөнгөний хөтөлбөрүүдээ зогсоохгүйн тулд 1,2 их наяд төгрөгийг Хятадаас нэмж зээлжээ. Уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт хийлгүй явсаар одоо энэ салбарт гадаадынхны ноёрхол тогтсон юм. Хятад ажилчид ихээр орж ирж байгаа нь дээрх зээлүүдийн гэрээний нөхцөл тул яалтай билээ. Асуудал үүгээр дууссангүй. 2020 оноос Монгол Улс гадаад өрийнхөө төлбөрт жилдээ 900 сая ам доллар төлж байгаа ч удахгүй үүнийгээ төлж дийлэхээ байх нь. Үүнд сэтгэл зовниж, бас энэ тухай Ерөнхий сайдад яаж мэдээлэх вэ гээд Өгөөмөр сайд толгой гашилгаж явна.

  1. Сайдаа, танаас зарим зүйлийг тодруулж болох уу?
  2. Төсвийн хомсдол үүссэн энэ  үед Тогтворжилтын сан яагаад үүргээ гүйцэтгэж чадахгүй байна вэ?
  3. Сүүлийн 10 гаруй жил бол манай улсын хувьд эдийн засаг эрчимтэй өссөн үнэхээр сэргэн мандлын он жилүүд байлаа. Бид уул уурхайгаас олсон орлогынхоо 70 гаруй хувийг нь хэрэглээг дэмжих болон ард иргэддээ тарааж амьдралыг нь дээшлүүлэхэд, 30 гаруй хувийг нь Хөгжлийн банкаар дамжуулан урт хугацааны дэд бүтцийн асар том төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглаж ирсэн. Үлдсэн өчүүхэн бага хувийг Тогтворжилтын  санд хуримтлуулж байсан нь өнөөдөр хямралыг давахад хангалтгүй байгаа юм.
  4. Хөгжлийн банк үнэн хэрэгтээ дампуурсан гэсэн мэдээллүүд гадаадын хэвлэлүүд дээр гарсан. Энэ үнэн үү?
  5. Энэ бол ор үндэснгүй худал мэдээлэл.
  6. Хөгжлийн банкны мөнгөөр гадаадад авсан үл хөдлөх хөрөнгүүд нэр бүхий сайд нарын хувийн нэр дээр болсон байгаа талаар та юу гэж бодож байна?
  7. Энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.
  8. Засгийн газар ирээдүйн орлогоо барьцаалан их хэмжээний зээл авснаас сүүлийн жилүүдэд өрийн дарамтанд орж зээлжих зэрэглэл нь эрс буурсан. Ийм үед гадаадаас мөнгө оруулж ирэх боломжгүй. Тэгэхээр саяын амласан 4 сая төгрөгийн тэтгэмжээ ямар эх үүсвэрээс олох вэ?
  9. Бид дотоод нөөц, бололцоогоо ашиглаж байгаа. Мөн манай олон жилийн найдвартай түншүүд туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа.
  10. Дотоод нөөц бололцоо гэдэгтээ та мөнгө хэвлэх аргыг хэлж байна уу? Ингэх юм бол тэртэй тэргүй өндөр байгаа инфляци хяналтаас гарч, хөрөнгө оруулалтууд зогсоод нэг мөсөн сүйрэх биш үү?
  11. Хүнд хэцүү энэ цаг үед бид ажил хийж буй нэгнийгээ элдвээр шүүмжлэхийн оронд эв нэгдэлтэйгээр улс орныхоо төлөө ажиллах нь чухал байна. Уучлаарай би одоо ажилтай тул ярилцлагаа дуусгах уу даа…

 

Үнэндээ Өгөөмөрт хэлэх үг олдоогүй тул ярилцлагаа хурдхан дуусгахын түүс болжээ. Гадаад, дотоод эх үүсвэрүүд хаагдсан ийм үед татвар нэмэх, эсвэл мөнгө хэвлэх л арга байгаа бөгөөд татварын хувь хэмжээг нэмлээ ч аж ахуйн нэгжүүд даахгүй тул төсөвт орох орлого нэмэгдэхгүй байх магадлалтайг тэр намын хурал дээрээ тайлбарласан. Харин намынхан нь татвар нэмнэ гэдэг бол өөрсдийнхөө халаас руу гараа дүрсэнтэй ялгаагүй хэрэг болох тул нөгөө аргыг нь нэгэнт сонгожээ. Бодлого, шийдвэр иймэрхүү маягаар гардаг болоод ч тэр үү олон улсын судалгаагаар Монголын засаглалын үзүүлэлтүүд  буурсаар л байна. Нийтийн эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргах явдлын эсрэг тэмцэх ёстой сөрөг хүчин гэж байхгүй, нам дамнасан олигархи бүлэглэлүүд улс төрийг хянаж, иргэний нийгэм улс төрчдийн халаасны хүүхэлдэй болж, ард түмэн нь халамжийн мөнгөөр тэжээлгэхийг урьтал болгосон хүлцэнгүй, идэвхгүй болсон нь 300 гаруй жилийн өмнөх Манжийн дарлалын үеийг эрхгүй санагдуулна. 

3.

Description: Description: Description: C:UsersBaysgalanDesktopimages (1).jpgӨглөөний 06 цаг. Улаанбаатар хот. Өнөөх л шороон шуургатай саарал өглөө. Ирээдүй компьютерийнхээ араас нүдээ нухлан босож ажилдаа явахаар бэлтгэж эхэллээ. Түүний шөнөжин сууж хийсэн ажил бол таван одтой тансаг зочид буудлын хяналтын камеруудыг удирддаг ажилтай нь ямар ч хамаагүй www.ireedui.com веб сайт юм. 40 гаруй насны энэ эр программ хангамжийн чадварлаг инженер. Тэр эх орондоо мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх программууд зохиох мөрөөдөлтэй ч одоогоор зочид буудалд ажиллан гэр бүлээ тэжээнэ. Сардаа 3000 орчим ам.долларын цалин авдаг нь дундаж амьдрахад л хүрэлцдэг юм.

Ирээдүй найз нөхдийнхөө зөвлөснөөр гадаадад гарч мэргэжлээрээ ажиллах, Монголдоо энэ мэт ажил хийж амьдрах гэсэн хоёр сонголтоос сүүлийнхийг нь сонгожээ. Яагаад ийм сонголт хийснээ тэр “Монголд мөнгө угааж, эсвэл богино хугацаанд их ашиг олохоор хөрөнгө оруулаад эдийн засаг муудахаар буцаж буй гадаадынхантай адил Монголын сэхээтнүүд бид эх орноо мөнгө тараахаар нь ирж авчихаад өнөөдөр хэрэгтэй үед нь хаяад явчихаж болохгүй” гэж веб сайтдаа тайлбарлан бичжээ.

Түүний веб сайт бол үнэндээ улс орныхоо явж буй зам мөр, ирээдүйд санаа зовнисон үзэл бодлынх нь индэр юм. Энд Ирээдүй шиг олон олон сэхээтэн нийтлэл бичиж, хэлэлцүүлэг өрнүүлдэг нь ихээхэн амжилт олж, хэдийнээ дундаж ангийнхны улс төрийн клуб шиг болжээ. Гэвч тэд аль ч нийгэмд байдаг сэхээтнүүдийн л адил ярьж бичихээс төдийлөн хэтэрдэггүй бөгөөд төв талбай дээр болж байгаа жагсаалд нэгдэн гудамжинд гарч тэмцэх нь зөв үү, буруу юу гэдэг талаар сүүлийн хэдэн өдрийн турш мэтгэлцэж байгаа билээ. Веб сайтын сүүлийн үед хамгийн их хандалттай байгаа бусад мэдээллийг гүйлгэн харвал:

  • Гадаадыханд

 найр тавьж стратегийн ордуудаа хувааж өгсөөр байх уу?

  • Монгол Улс ундны ус импортлогч болоход хүрлээ!
  • Нөхөн сэргээлтийн мөнгөөр Хэрлэн, Орхон голууд дээр усан сан байгуулах төслүүд зогсож гол ч үгүй, нөхөн сэргээлт ч үгүй боллоо.
  • Төр засаг өр зээлээ дарахын тулд 47-р өргөргөөс хойш олборлолт явуулахыг хориглосон хуулийг нууцаар цуцлан гадаадын компаниудад лиценз олгожээ. 
  • Олон улсын байгууллагуудын тусламжаар хэрэгжүүлсэн “Монгол Уушиг”, “ДОХ-гүй Монгол” хөтөлбөрүүдийн мөнгө авилгачдын халаасанд оржээ гэх мэт гарчиг хөвөрнө.
  •  

    Дундаж ангийнхны нийтлэг унаа болох дунд гарын жийпээрээ Ирээдүй ажилдаа явах замдаа нэгэн хувийн сургуулийн ахлах ангид сурдаг хүүгээ хичээлд нь хүргэж явна.

    • Миний хүүгийн шалгалт шүүлэг сайн уу?
    • Сайн. Энэ улиралд бүх хичээлдээ “А” гарч байгаа.
    • Ангийнх нь зугаалга нь гоё болсон уу?
    • Ёстой гоё болсон. Бидний замд гол таарсан. Жижигхэн ч гэсэн их хол урсдаг юм билээ. Даанч ус нь бохирдсон болохоор ууж, бас гараа угааж ч болохгүй гэсэн. Бид нар бас малчин айл үзсэн.
    • Аан. Миний хүү нөгөө хуулийн сургуульдаа юмаа явуулсан уу?  
    • Үгүй ээ. Хэчнээн сайн хуульч боллоо гээд хэзээ ч шүүгч болж чадахгүй юм чинь уул уурхайн инженер болохоор шийдсэн

    Үдийн 13.00 цаг. Ирээдүйгийн ажлын ердийн нэгэн өдөр үргэлжилнэ. Хамт ажиллагсад нь үдийн цайндаа гарчээ. Байнгын үйлчлүүлэгч Өгөөмөр сайд буудлын тусгай өрөөнд сөрөг намын парламентын гишүүнтэй уулзаж байгаа нь хяналтын дэлгэц дээр харагдана. Алтаар бүрж доторлосон тансаг өрөөнд Франц тогоочийн бэлтгэсэн Австрали хонины мах зооглонгоо 100 жил дарсан үнэтэй дарс шимэн суух тэдний төрх байдал Арабын баячуудтай тун ч төстэй харагдана.

    Ирээдүй техник төхөөрөмжүүдийнхээ ажиллагааг шалгаж байгаад уулзалтын өрөөнд байрлуулсан нууц микрофоныг санамсаргүй нээчихэв.

    Гэтэл тэд ажил хэргийн яриа хэлцэл биш Сангийн яамнаас зарласан томоохон тендерийг хэрхэн луйвардах, авлигаа хэрхэн хувааж авах тухай үгсэн хуйвалдаж байх нь тэр. Уг луйвартаа Тогтворжилтын санд үлдсэн сүүлчийн мөнгийг авч ашиглах, эсвэл Хөгжлийн банкаар баталгаа гаргуулж эрсдэлийг улсад үүрүүлэх тухай ярина. Энэ бол  эрх мэдэлд ойр албан тушаалтнууд хэрхэн хувийн ашиг хонжооны төлөө эх орныхоо ирээдүйг золиосолж буйн түгээмэл жишээ байлаа.

    Улсынхаа төсөв санхүү, орлогын менежментийг гардан удирддаг сайд нь мэдэхгүйдээ биш санаатайгаар хувиа бодож байгаагаас л улс орон нь баялгаа худалдаж их мөнгө олохын хэрээр хөгжиж чадахгүй байгааг Ирээдүй ойлгов. Тэр бусдад ч гэсэн үүнийг ойлгуулахын тулд бичлэгийг ямар нэгэн тайлбаргүйгээр веб сайтдаа орууллаа.

    Оройн 18.00 цаг. Ажлаа таран гарч ирж буй Ирээдүйг хар хослол, нүдний шилтэй хоёр залуу тосон авав.
    – Иргэн Ирээдүй, та бидэнтэй хамт явна уу.

    4.

    Хөдөөд урин цаг хэдийнээ ирж хөвөнтэй дээлтэй явахад халууцахаар болсон ч бороо хур огт ороогүйгээс өвс ногоо цухуйх шинжгүй, уул толгод Улаанбаатарын гудамж адил зэгэл саарал өнгөтэй харагдана. Хамхуул хийссэн хөндий дундуур, хэн ч явдаггүй хурдны зам даган нэгэн бараан морьтой гэлдрүүлнэ. Өдгөө 70 насыг зооглож яваа энэ өвгөн бол өнөө цагт улам бүр мартагдан устаж буй нүүдлийн соёл, ахуй амьдралдаа үнэнч Монгол гуай юм. Нутаг усандаа муйхар зөрүүдээрэээ алдартай тэрбээр уулын мухар дахь гэртээ хөгшнөө үлдээж хэдэн малаа түр харж бай гэчихээд сумын төв орж тэтгэмжийн мөнгөө аван, хоол хүнсний зүйл базаахаар явж байгаа нь энэ.

    Монгол гуай уул нь Өмнөговь аймгийн хүн л дээ. Гэтэл цөлжилтийн улмаас тэнд мал маллах аргагүй болсон тул бэлчээр ус бараадан энэ нутагт ирээд гурван жил болжээ. Хүн бүр Өмнөговьд суурьшиж илүү их халамж, тэтгэмж авахын тулд ар, өврийн хаалга хайн хөөцөлдөж “Өмнөговийн ногоон карт”-ны төлөө амиа тавьж байхад тэндээс сайн дураараа нүүж ирсэн гэхээр түүний хэр зэрэг зөрүүд болох нь тодорхой. Нүүсэн цор ганц шалтгаан нь түүний хувьд малаа хариулах бэлчээр байсан гэдгийг сонсоод хүмүүс “тэнэг”-ийг нь бүр ч гайхна. Учир нь өнөө цагт мал дагаж нүүдэллэн амьдарна гэдэг даяанчлан суугаа хуврагаас ялгаагүй тоост хорвоогоос тасарсан хэрэг юм. Тиймээс ч малчин гэхээр том хот дагасан фермийн аж ахуйн туслах ажилтан, эсвэл улам бүр ховордсон жуулчдын зам дагуу гэрт амьдардаг “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөрт” хамрагдсан хүмүүсийг л ойлгох болжээ. Монгол гуайн адил нүүдлийн мал аж ахуйг жинхэнэ утгаар нь эрхлэн буй цөөн айлын хувьд өөрсдийнхөө биш хотын баячууд, уяач улс төрчдийн малыг л хөлсөөр маллаж өгдөг юм.

    Ерөнхийдөө Монгол улсын мал аж ахуйн салбарын дүр төрх нэг иймэрхүү бөгөөд уул уурхай, түүнийг дагасан үйлчилгээ, зугаа цэнгээн болон барилгын салбараас бусад бүх салбар хөгжсөнгүй. Эдийн засгаа төрөлжүүлж олон тулгууртай болгох бодлогыг эрх баригчид хэрхэн өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдгийн сонгодог жишээ нь газар тариалан. Нэлээд хэдэн жилийн турш газар тариаланг дэмжих нэрээр төсвөөс асар их хэмжээний татаас олгосон боловч бүхэлдээ эрх баригчид болон тэдний ойр дотныхны мэдэлд байдаг компаниуд л бизнесээ өргөтгөж давхар давхар ашиг олсноос биш энэ салбарын өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдээгүй нь өдгөө Монгол мэтийн малчид хятад гурил идэж байгаагаас тодхон харагдана. Учир нь сүүлийн хэдэн жилд төсөв хямарснаас газар тариалангийнханд татаас өгч чадаагүй юм. Дээрх “Атрын 4, 5, 6-р аян”-уудаас гадна төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлж байгаа нэрийдлээр эрх баригчид өөрсдийн хувийн компани, нутгийн зөвлөлүүддээ олгосон мөнгө тоймгүй их. Энэ бүх үр ашиггүй хөтөлбөрийн эрсдэлийг төр л үүрснээс биш өөр хэн ч хариуцлага хүлээсэнгүй өдий хүрчээ.

    Монгол гуай уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр бог, бод нийлсэн 500 гаруй малтай болсон нь олон малтайд тооцогдоно. Гэвч мах, сүү, ноос, арьс ширний бизнес фермүүд дээр төвлөрсөн тул малаасаа хангалттай ашиг орлого олж чаддаггүй. Тийм ч болохоор ахуй амьдрал нь тэтгэмжийн мөнгөнөөс хамааралтай хэвээр байна. Уул нь ямаа түлхүү үржүүлбэл ашигтай ч Монгол угийн “зөрүүд” зангийнхаа улмаас сүргийн бүтцэдээ ямааг 10 хувиас дээш гаргалгүй өнөөг хүрчээ.

    …Сумын төв сарын өмнөхөөсөө ч цөөн хүнтэй болсон мэт хөл хөдөлгөөнгүй шахам. Захиргааны үүдэнд л тэтгэмжийн мөнгөө авах гэсэн хэсэг хүн шавна. Харин урд нь тэтгэмжийн мөнгө олгодог байгаад санхүүгийн хямралын улмаас дампуурсан банкны салбар одоо архичдын цугладаг газар болжээ. Усны гачигдлын улмаас ажиллах боломжгүй болсон дутуу орхисон олон мянган хүний суудалтай бассейны дээврийг дамжин хэдэн хүүхэд хөөцөлдөн тоглоно. Цагтаа 5000 гаруй хүн амтай, төвдөө 500 шахам айл байсан энэ суманд одоо байгаа хүмүүс гэвэл бараг ингэсгээд болно.

    Энэ суманд дутуу орхисон бассейнаас гадна төсөв баян байх үеийн үр ашиггүй хөрөнгө оруулалтын ул мөр нэлээд бий. 5000 хүний суудалтай соёлын ордон барихаар хотоос барилгын компани ирж, гурван жил дамнуулан хоёр ч удаа хөрөнгө нэмж батлуулан барьсан ч дуусгалгүй хаяад явсан нь одоо балгас болжээ. Харин эмнэлэг, сургуулиудад оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалт нь эрхбиш хүнд чиглэсэн юм болохоороо нэлээд хэрэгтэй юм болсон нь харагдана. Тухайлбал 1000-аадхан хүнтэй энэ сумын 10 жилийн сургуульд өндөр хурдны интернэттэй компьютерийн лаборатори, англи хэлний лингафон танхим, зайны сургалтын тусгай өрөө гэх мэт байхгүй юмгүй.

    Өдөржин халуун наранд явсаар ядарч туйлдсан Монгол өвгөн засаг даргын эхнэрийн ажиллуулдаг гуанзанд арайхийн орж ирэв.

    1. Алив хүү минь аяга цай хийгээд өгөөч.
    2. Цай байхгүй.
    3. Тэгвэл ядаж ус байна уу?
    4. Аяга ус 1 юань шүү дээ.
    5. Монгол мөнгөөр бол хэд гэсэн үг вэ хүү минь?
    6. Төгрөг авахгүй ээ өвөө. Одоо чинь монгол мөнгө цааснаас ялгаагүй болчихоод байна шүү дээ.
    7. Арай ч дээ, Монгол хүн байтлаа аяга усаа… бүр хятад мөнгөөр зарах гэж үү?

    Монгол гуай үгээ гүйцэд хэлж чадалгүй ухаан алдан уналаа.

    …“УИХ, Засгийн газрын эрхэм гишүүн Өгөөмөрийн санаачлагаар байгуулав” гэсэн томоос том хаягтай сумын эмнэлэгт тэр ухаан орлоо. Даралт нь ихсэж ухаан алдсан гэнэ.  Энэ ч яахав хэзээний ийм. Гэтэл эмч бүсгүй санаанд оромгүй юм дуулгав. Тэр ходоодны хорт хавдартай болжээ. Шалтгаан нь ундны усны бохирдол. Сүүлийн жилүүдэд хорё хүний нэг нь үүгээр өвдөж байгаа гэнэ.

    Улсаас хөрөнгө оруулсан бүхэн хий дэмий мөнгөний гарз болсонгүй. Үүнийг сумандаа өөрөө ч мэдэлгүй нарийн мэргэжлийн оношлогоо хийлгэсэн Монгол өвгөн анх удаа мэдэрсэн ч өвчин нь нэгэнт эмчлэгдэх найдваргүй болсныг сонсоод л харьжээ.  

    5.

    Заяа ер бусын баяртайгаар гэрээсээ гарч явна. Учир нь өнөөдөр тэтгэмжийн мөнгө буудаг өдөр. Энэ мөнгийг нэмүүлэхийн төлөө тэр хагас жилийн өмнө жагсаж тэмцэж явсан гэхээр бүр ч бахархмаар. Түүнээс хойш юмны үнэ хэд дахин нэмэгдэж амьдрал нь улам дорджээ.  Гэхдээ л тэр үед мөнгөө нэмүүлж аваагүй бол бүр баларч байхгүй юу гэж бодохоор нэг л сайхан. Заяа Улаанбаатарын замбараагүй хот төлөвлөлтийн улмаас хэд зогссон ч 10 жилийн турш мөнгөөр зодон байж барьж дуусгасан шинэхэн метронд суун хэдхэн хормын дотор хотын төв орлоо.

    Хэдий эрт босож ирсэн ч гэлээ АТМ-ийн гадаа хэдийнээ уртаас урт дараалал үүсжээ. Заяа замын хашлага дээр эгнэн суух хүмүүсийн дунд нэг шар сонин барьж аваад тухлан суулаа. Сонин дээр “Кентакигийн морин уралдаанд анх удаа монгол морь түрүүлж Ерөнхий сайд 21 сая доллараар байлав”, “Эрүүгийн нөхцөл байдал улам дордож байна”, “Монгол улс Гиннесийн номонд орсон аварга том шонхрын хөшөө босгов”, “Зарим ордын нөөцийг хэт ихээр худал зарлан мөнгө босгосон нь нотлогдон хөрөнгийн бирж үймээнд оров” гэх мэт гарчиг эрээлжлэн харагдана.

    Тэгтэл түүнд нэгэн танил нь захидал авчирч өглөө. “Охин Заяадаа. Аав Монголоос нь” гэж монгол бичгээр таталган бичсэнийг нь арай ядан гаргаж уншаад дугтуйг задлах үед гэнэт хуй салхи дэгдэн гар дахь захидлыг нь хийсгэн одлоо.

    Заяа захидлын араас гүйж очероо алдах эсэхээ шийдэж ядан зогссоор…

    Хаврын тэнгэр мэт таахын аргагүй хувь заяандаа Заяа хэдийнээ эзэн нь биш болжээ. Бүх зүйлд бэлэн хариулт, бэлэн хоол хүртээд сурчихсан Заяагийн амьдралд хуй салхи мэт гэнэтийн өөрчлөлт хэрэгтэй гэж аав нь бичсэнийг тэр мэдэх болов уу?

    Эдийн засгийн үзүүлэлт

    Үзүүлэлтүүд

    2011 он

    2016 он

    2021 он

    Нэг хүнд ногдох ДНБ
    (оны ам. доллараар)

     2,786.13

    10063.22817

    11637.84829

    ДНБ-ний бодит өсөлт

    15%

    2%

    0%

    Уул уурхайн төсвийн орлого
    (сая ам. доллар)

    733.82

    2168.91

    1918

    Инфляци

    11%

    25%

    25%

    Ядуурлын түвшин

    39%

    33.90%

    45.20%

    Орлогын менежментийн үзүүлэлтүүд

    2011/2009 он

    2021 он

    Тогтворжилтын сан (тэрбум)

    281

    0

    Хүний хөгжлийн сан (тэрбум)

    0

    -200

    Хөгжлийн банк (тэрбум)

    50

    0

    Орлогын менежментийн индекс
    (Revenue Watch Institute, муу-0; сайн-100)

    38.2

    30

    Херфиндал индекс
    (0-1, 1-экспортын төвлөрөл маш их)

    0.489

    0.5

    Засаглалын үзүүлэлт

    Үзүүлэлтүүд

    2011 он

    2021 он

    Шударга ёсны индекс
    (Global Integrity, муу-0; сайн-100)

    57

    25

    Банкуудын зээлжих эрхийн зэрэглэл
    (S&P, 1-10, 10-эрсдэл их)

    9

    9

    Өрсөлдөх чадварын зэрэглэл
    (World Economic Forum, нийт 142 улс)

    96

    105

    Нээлттэй төсвийн индекс
    (Open Budget Partnership, муу-0; сайн-100)

    60

    25

     

    Үйл явдлын товчоон 

    • Санал худалдан авах явдал сонгуулийн үр дүнг тодорхойлно. УИХ-д  томоохон шийдвэр гаргах улс төрийн хүсэл зориг дутна. Амар хялбар шийдлүүдийг урьтал болгоно. Тухайлбал,
    • Өмнө нь байгуулсан гэрээнүүд хэвээр хэрэгжиж, шинэ гэрээнүүдийн хувьд урьдчилгаа төлбөр авах явдал нэмэгдэнэ.
    • Иргэдэд мөнгө тараах, татаас өгөх замаар дэмжлэгийг нь авахыг хичээнэ.
    • Бизнесийн бүлэглэлийн сонирхолд нийцсэн бодлого явуулж үндэсний эрх ашгийг орхигдуулна.
    • Төрийн чадавхи сул. Төрийн албаны томилгоо танил талаар, явцуу ашиг сонирхолд нийцэн явагдана. Төрийн албаны нэр хүнд унана.
    • Уул уурхайд шинээр дорвитой хөрөнгө оруулалт орж ирэх нь зогсох ба гол төлөв гадаадынхан давамгайлна.  Үндэсний чадавхийг бэхжүүлэх ажил орхигдоно. Салбарыг “мөнгөний үнээ” төдий харна. Ажлын байр тэр бүр  нэмэгдэхгүй. Үндэсний оролцоо, өмчлөлийн  тухай яриа чадавхи, нөөц боломжоос хамааран биелэлээ олоогүй.
    • Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт улс төрийн шахалтаас шууд хамаарна. Хөгжлийн цэгцтэй үндэсний бодлого байхгүй. Банкны сан хөмрөг хурдан хоосорч, төслийн санхүүжилтийг зээлийн өртөг өндөр гадаад эх үүсвэрээр хангахыг эрмэлзэх болно.
    • Иргэд засгийн газрын тараах мөнгө, татаасаас хамааралтай болно. Бизнесийн салбарын өсөлт зогсоно. Бэлэнчлэх сэтгэлгээ улам бүр газар авна.
    • Төсвийн тогтвортой байдлын хууль үнэн хэрэгтээ хэрэгжихгүй. Тогтворжилтын санд төвлөрүүлсэн хөрөнгө хангалтгүй байсан нь үнэ огцом буурах эхний тохиолдолд л тодорхой болно. Төв банк хараат бус  байдлаа алдаж засгийн газрын өрийг санхүүжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
    • Инфляци өндөр тул төгрөгийн худалдан авах чадвар буурч, иргэдэд очиж буй татаас ч бодит дүнгээрээ багасна. Гадаад өр төлбөр үлэмж нэмэгдсэн нь юуны өмнө Хятадад төлөх өр зээлтэй холбоотой.
    • Баялаг ихтэй ч чадавхи, засаглал сул оронд тооцогдох Монголд ядуу орны нийгмийн нийтлэг асуудлууд улам бүр тодорно.

    Leave a Reply

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

    Google photo

    You are commenting using your Google account. Log Out /  Change )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

    Connecting to %s