ТӨСВИЙН ЗАРДЛЫН МАКРО ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ: Өнөөгийн байдал, 2013 оны прогноз, Бодлогын зөвлөмж

Сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж буй төсвийн зардлын өсөлт нь Монгол улсын макро эдийн засагт эерэг, сөрөг ямар нөлөө үзүүлж байна вэ? Цаашид эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэхэд төсвийн бодлогын хэрэгслийг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох вэ? Эдгээр асуултад хариулт өгөх зорилгоор гүйцэтгэсэн эмпирик судалгааны үр дүнд үндэслэн энэхүү бодлогын зөвлөмжийг боловсруулав.  

Танилцуулга

Сүүлийн арав гаруй жилд улсын төсвийн орлого, зарлага нь эдийн засгийн өсөлтөөс илүү өндөр хувиар нэмэгдсээр ДНБ-д эзлэх төсвийн хувь хэмжээ нь 40-өөс дээш хувьд хүрч цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа билээ. Мөн түүнчлэн хөрөнгийн зах зээлийн сул хөгжил санхүүгийн секторын нөлөөллийг хязгаарлаж байгаагаас төсвийн орлого, зарлага нь Монгол улсын эдийн засаг дахь хамгийн том бодлогын хэрэгсэл болжээ.

 Өнөөдөр олон улсад Засгийн газар, төв банкуудын эдийн засгийн удирдлагын шийдвэр гаргалтад ашиглагддаг загварууд нь бараг бүгд “төсвийн зарлага нь нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө” гэж үздэг Шинэ Кейнсийн онолд тулгуурлаж буй. Гэсэн хэдий ч төсвийн зарлага нь төсвийн орлого буюу татвар, улсын өрөөр санхүүждэг бөгөөд татварын дарамт нь тодорхой хэмжээнээс хэтэрвэл гарцыг бууруулах тул зарлагын зохистой хэмжээг тогтоох нь чухал болж энэ чиглэлээр судалгааны ажлууд эрчимжиж байна. Мөн төсвийн зарлагын их тэлэлт нь хувийн хөрөнгө оруулалтыг эдийн засгаас шахаж улмаар урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх үзэгдэл явагдах нь бий.  

Дэлхийн янз бүрийн улсуудын төсвийн бодлогод хийгдсэн эмпирик судалгаануудаас харилцан адилгүй үр дүн, нотолгоонууд гарч ирж буй тул төсвийн зарлагын тэлэлт нь эдийн засгийн хөгжилд эерэг, сөрөг ямар нөлөө үзүүлдэг вэ гэдэгт туйлын үнэн ганц хариулт гэж алга. Түүгээр зогсохгүй төсвийн хэт тэлэлт хэрхэн хямралд хүргэж болдог бодит жишээ Европын холбооны зарим улсад өнөөдөр тод харагдаж байна. 

 Тиймээс улс орон бүр өөрийн эдийн засгийн бүтэц, төсвийн менежмент, хөгжлийн түвшин зэрэг онцлогуудын харгалзсан төсвийн бодлого явуулах шаардлагатай болжээ. Монгол улсын хувьд энэ бодлого ямар байх ёстой талаар судалгаа, хэлэлцүүлэг туйлын хомс тул “Төсвийн бодлогын макро эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ” судалгааны ажлыг гүйцэтгэж, түүнд үндэслэсэн санал зөвлөмжийг дэвшүүлж байна.

Судалгааны үр дүн

1. Монгол дахь төсвийн зарлагын огцом өсөлтийн макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг ерөнхийд нь дүгнэвэл богино хугацаанд ДНБ-ий өсөлтийг нэмэгдүүлж буй ч дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Нөлөөллийг зах зээл бүр дээр гол гол үзүүлэлтээр илэрхийлбэл:

Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд. Богино хугацаанд өрхийн хэрэглээг эрс нэмэгдүүлж хувийн хөрөнгө оруулалтыг бага хэмжээгээр бууруулдаг. Дараагийн жилд хэрэглээний өсөлтийг дагаж хөрөнгө оруулалт бага хэмжээгээр нэмэгдэх хандлагатай боловч өмнөх жилийн бууралтаа нөхөх төдий байна. Дунд хугацаанд (3 жилээс цааш) төсвийн зарлагаас үүдэлтэй хэрэглээний өсөлт огцом буурч өөрчлөлтийн өмнөх түвшиндээ тогтворжиж байна.

Мөнгөний зах зээлд. Мөнгөний нийлүүлэлтийг богино хугацаанд харьцангуй бага хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь өнгөрсөн жилүүдийн төсвийн зарлагын өсөлт гадаад эх үүсвэрээс багаар санхүүжиж зөвхөн дотоодод бий болсон мөнгийг дахин хуваарилалтад оруулж байсны дээр эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл буюу үржүүлэгчийн нөлөө нь сул байснаар тайлбарлагдаж болох юм. Төв банкны бодлогын хариу үйлдлийн дагуу мөнгөний нийлүүлэлтийн өсөлт гурав дахь жилд эрс буурч цаашид тогтворжиж байна.

Энэ хариу үйлдэл нь төсвийн зарлагаас үүдэлтэйгээр инфляци богино хугацаанд аажмаар нэмэгдсээр гурав дахь жилд хамгийн өндөр түвшиндээ хүрч байгаатай холбоотой. Зарлагын өсөлтөөс үүдэлтэйгээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш тухайн жилд бага зэрэг чангарах боловч дунд хугацааны турш жигд суларна. Анхны чангаралтаас дөрвөн жилийн дараах ханшийн уналт дөрөв дахин илүү гэж хэлж болохоор байна.

Хөдөлмөрийн зах зээлд. Ажилгүйдлийг тухайн жилдээ бага хэмжээгээр бууруулж буй ч дунд хугацаанд ажилгүйдлийн хувь өмнөх түвшиндээ буцаж очиж байна. Энэ нь зарлагын өсөлтөөс эхтэй ажил эрхлэлт нь урт хугацааны тогтвортой ажлын байр бий болгож бүтээмжийг нэмэгдүүлэхгүй байна гэж үзэхэд хүргэнэ. Зарлагын цочролыг дагаж эдийн засаг дахь цалингийн дундаж түвшин шууд нэмэгдэж байгаа нь (трэнд өсөлтөөсөө илүүгээр) төсвийн зардал дахь цалин, тэтгэврийн зардал өндөр байгааг харуулж байна. Цалингийн энэхүү өсөлт дараагийн 3 жилд инерцээ хадгалж  байгаа нь инфляцийн динамиктай ижил байна. 

Нийт эдийн засгийн өсөлтөд. Төсвийн зарлагын өсөлт, түүнээс үүдэлтэй хувийн хэрэглээний өсөлт нь тухайн жилдээ ДНБ-ийг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Гэсэн хэдий ч энэхүү өсөлтийн нөлөө нь дараагийн жил гэхэд шууд алга болж улмаар гурав дах жилдээ эдийн засгийн өсөлт цочролын өмнөх хувиасаа буурч байна. Учир нь төсвийн зардлын өсөлт инфляцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ импортыг дэмжиж төгрөгийн ханшийг сулруулан богино хугацаанд гадаад худалдааны алдагдлыг өсгөж эдийн засгийн өрсөлдөх чадварыг унагах зүй тогтол шинжилгээний үр дүнгээс харагдаж байна. Үүний улмаас хувийн хөрөнгө оруулалтын өсөлт нэмэгдэхгүй мөн төсвийн зардлаас үүдэлтэй ажил эрхлэлт тогтвортой биш тул ДНБ-ий өсөлт гурав дахь жилд буурч байна гэж үзэж үзэж болох юм. Мөн түүнчлэн төсвийн зардлын томоохон хэсэг болох хөрөнгө оруулалтын төсөл- тендерийн ажлууд нь дунджаар хоёр жилийн үргэлжлэх хугацаатай байх магадлалтай байна.

 

2. Дээрх дүгнэлтүүдэд үндэслэн Монгол улсын төсвийн зарлагын бодлогын макро эдийн засгийн үр нөлөөг үнэлбэл:

·         Төсвийн зардлын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх хөшүүргийн (stimulation) болон үржүүлэгчийн (multiplier) нөлөө маш бага байна.

·         Төсвийн зардалд хувийн хөрөнгө оруулалтыг шахан гаргах (crowding out) нөлөө болон хөрөнгө оруулалтыг дэмжих нөлөө аль аль нь алга байна.

·         Төсвийн зардлын өсөлт нь нийт эдийн засгийн орчин, нөхцөл байдлын тусгал болох эсвэл тэдгээр нөхцлөөс хамаарч хувьсах бодлогын уялдаа (policy relativity) сул байна. 

 

3. Шинжилгээний үр дүнд үндэслэн 2013 оны төсвийн зардлын огцом өсөлтөөс макро эдийн засгийн гол индикаторуудад үзүүлэх нөлөөг таамаглавал[1]:

Засгийн газраас ирэх онд хөрөнгө оруулалтад зориулахаар төлөвлөөд байгаа 1.5 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 2.1 триллион төгрөгийн бондын орлогын оруулж тооцсон төсвийн зардал нь 2012 оны дүнгээс 51 хувиар их, урт хугацааны трэндийг өөрчилж буй цочрол нь 28 хувь буюу 1.5 стандарт хазайлттай тэнцэнэ.

Энэхүү цочрол нь 2013 онд: өрхийн хэрэглээг дараагийн гурван жилийн турш нийтдээ 20 орчим хувиар нэмэгдүүлэх, ДНБ-ийг ирэх онд одоогийн прогнозоос нэмэлт 15-16 хувиар өсгөх (одоогийн прогноз 18-20 хувь гэж үзвэл цочролын дараа 34-45 орчим хувь), цалингийн зардлыг 10 орчим хувиар өсгөх, инфляцид нэмэлт 5 орчим хувийн дарамт үүсгэх төлөвтэй байна.  

Бодлогын зөвлөмж

Богино хугацаанд. 2013 оны төсвийн зарлагын огцом өсөлтөөс үүдэн гарах инфляцийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, хувийн хөрөнгө оруулалтын болзошгүй бууралтын эсрэг төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх. Төсвийн хөрөнгө оруулалт нь цаашид дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгох суурь болж чадахгүй байгаа өнгөрсөн хугацааны алдааг давтахгүйн тулд хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хуваарилалтыг сайжруулах.

 Дунд хугацаанд. Төсвийн зарлагыг макро эдийн нөхцөл байдал, зорилтуудтай илүү уялдуулж хөгжлийн бодлогын үр дүнтэй хэрэгсэл болгох, төсвийн эдийн засаг дахь хөшүүргийн (стимуляци) болон үржүүлэгчийн нөлөөллийг нэмэгдүүлэх бодлогыг судалж хэрэгжүүлэх. Үүний тулд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, ажил эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд төсвийн нөлөөг бодитоор бий болгох. Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж төсвийн зардлын инфляцийн дарамтыг бууруулах. Төсвийн зардлын өсөлт нь орлогын өсөлттэй уялдахгүй байгаа явдлыг онцгой анхаарч зардал төлөвлөлтийн шинэ, үр дүнтэй аргачлал мөрдөх, энэ асуудалд хамааралтай Төсвийн тогтвортой байдлын хуулийн тусгай шаардлагуудыг хангаж ажиллах.

 Урт хугацаанд. Ажиллах хүчний оролцоо, бүтээмж, технологи, орлогын үр ашигтай хуваарилалт зэрэг нийгэм-эдийн засгийн асуудлуудад анхаарч төсвийн бодлогыг Хүртээмжтэй өсөлтөд (inclusive growth) чиглүүлэх. Урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангахын тулд эрдэс баялгийн бус салбарыг дэмжиж эдийн засгийг төрөлжүүлэхэд төсвийн орлого, зарлагын бодлогыг хослуулан ашиглах. Засгийн газрын төлөвлөж буй зээл нь өрийн дарамтыг эрс нэмэгдүүлж буй тул төсвийн санхүүгийн тогтвортой байдлын шалгууруудыг нарийвчлан боловсруулж хуульчлах, олон нийт парламентийн хяналтыг хангах.

 

Эх сурвалж

“Төсвийн бодлогын макро эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ 2012, Нээлттэй Нийгэм Форум” Судалгааны тайланд үндэслэн боловсруулав.

Судалгааны дэлгэрэнгүй тайланг энэ блогоос, мөн www.forum.mn веб сайтаас болон Нээлттэй Нийгэм Форумаас авч танилцана уу.


[1] Энэ прогноз нь бусад хүчин зүйлсийн өөрчлөлтийн нөлөөг тооцож чадахгүй тул зөвхөн 2013 оны төсвийн зарлагын цочролын цэвэр нөлөөг баримжаалж хэмжих зорилготой болно. 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s