Олон улсын санхүүгийн төв: Улаанбаатарт байгуулах боломж

Forbes Mongolia, Mongolian Finance сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүллээ оруулав.

Товч утга

Монгол улсын санхүүгийн үйлчилгээний салбар, тэр дундаа банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх стратегийн нэг чиглэл нь Улаанбаатар хотод бүс нутгийн хэмжээний санхүүгийн төв бий болгох явдал байж болох юм.

Тэгвэл санхүүгийн төв гэж юу болох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр ийм төв байгуулах боломж, урьдач нөхцөл, давуу болон сул тал нь юу байж болох талаар энэхүү өгүүлэлд зохиогчийн ажиглалт, зарим хоёрдогч судалгааны үр дүнд үндэслэн тоймлов.

Танилцуулга

Олон улсын санхүүгийн төв гэдэг бол оффшор бүс биш юм. Харин хууль эрх зүй, зохицуулалтын итгэл хүлээсэн орчин, дэд бүтэц, үйлчилгээний тааламжтай нөхцлийг бий болгож санхүүгийн бизнес эрхлэгчид, тэдэнд дагалдах мэргэжлийн үйчилгээ үзүүлэгчдийг тодорхой бүс нутагт төвлөрүүлэн кластер хэлбэрээр хөгжүүлэхийг санхүүгийг төв гэж нэрлэж болно.

Олон Улсын Валютын Сангийн зүгээс “Лондон, Нью-Йорк, Токио гэх мэт том хэмжээний, олон улсын түвшний цогц-үйлчилгээний төвүүд нь хамгийн боловсронгуй төлбөр тооцооны систем, дотоод эдийн засгийн томоохон бааз суурь, хөрвөх чадвар өндөртэй бөгөөд санхүүгийн хэрэгсэл худалдагч, худалдан авагч аль аль тал нь өргөн хүрээг хамарсан, зохицуулалтын үйл ажиллагаа ба  хуулийн орчин нь шударга, оновчтой байдаг” гэж тодорхойлсон байдаг. (IMF, 2000)

Дээрх тодорхойлолт нь дэлхийн тэргүүлэх том төвүүдэд хамаарах хэдий ч олон улсын түвшний санхүүгийн төвүүдийн хүрэх ёстой түвшин хэтийн төлөвийг заасан тодорхойлолт гэж ойлгож болох юм. Нөгөө талаас олон улсын санхүүгийн төв бий болгоно гэдэг нь зөвхөн том гүрнүүдийн Лондон, Нью-Йорк гэх мэт олон зуун жилийн түүхтэй хотуудад л хамаарах асуудал бас биш юм. Тэр тусмаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол төв Ази тив болж байгаа энэ үед тус тивд шинэ тутам бий болсон санхүүгийн төвүүд улам бүр хүчирхэгжиж байна.

Санхүүгийн төв болон тусгай бүсүүдийн талаар хийгдсэн судалгааны ажлууд нь ийм төв шаардлагатай эсэх гэдэг асуултаас илүүтэйгээр тэдгээрийн өрсөлдөх чадварын байдалд голлон анхаарлаа хандуулсан байна. Олон улсын санхүүгийн төвүүдийн давуу ба сул тал, амжилтын гол хүчин зүйлүүдийн талаарх судалгааны тойм, тэдгээрийн Монгол дахь тусгалын талаар дараагийн бүлгүүдэд авч үзэв.

Харин олон улсын санхүүгийн төв гэсэн сэдэвтэй холбоотойгоор судалж үзэх ёстой нэг асуудал нь Монгол мэтийн жижиг эдийн засагт олон улсын санхүүгийн интеграцийн үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөлөл байдаг.

Санхүүгийн интеграцчилал гэдэг нь тухайн улс эсвэл бүс нутгийн санхүүгийн зах зээл бусад улс, бүсийн санхүүгийн зах зээлтэй харилцан хамааралтай болж нэгдэх үйл явц юм. (Worthington & Higgs, 2007) Санхүүгийн интеграцчилал нь зах зээл хоорондын хориг, хязгаарлалтуудыг арилгаж хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлж, түүний үр ашигтай хуваарилалтыг бий болгосноор эдийн засгийн өсөлтийг дэмждэг гэсэн онолын болон эмпирик судалгааны дүгнэлтүүд цөөнгүй байдаг. (Calvi, 2010)

Нөгөө талаас улс, бүсүүдийн санхүүгийн зах зээлүүдийн харилцан хамаарал гүнзгийрснээр “хил дамнасан санхүүгийн халдвар” буюу нэг улс дахь санхүүгийн хямрал, тогтворгүй байдал нөгөө улс руу хурдтай тархах эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэдий тийм ч санхүүгийн чөлөөт урсгалын үр ашиг, эерэг нөлөө нь эрсдлээсээ илүү гэсэн үзэх хандлага давамгайлж байна. Жишээлбэл Европын холбооны хүрээнд интергациллын сөрөг үр дагаврууд байгаа ч санхүүгийн нтеграцчилал нь буруутгаж ухрах зүйл биш гэгдэж байна. Харин уг салбарт илүү сайн зохицуулалт, хяналт, ил тод байдал мөн эрсдэл багатай бизнес модель чухал юм. Мөн хил дамнасан санхүүгийн хяналт, зохицуулалт хэрэгтэй болоод байна. (Wihardja, 2013)

Монголын жишээн дээр санхүүгийн интеграцийн эерэг, сөрөг нөлөөллийг үнэлсэн судалгааны ажил олж үзсэнгүй.

 

Судалгааны тойм

 

Монголын санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөрөнгийн урсгал  

Банкнаас бусад санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээлийг шинэчлэн хөгжүүлж өнөөгийн банк давамгайлсан /активын харьцаа 96:4/ тогтолцооноос олон тулгуурт санхүүгийн тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Учир нь өнөөдөр манай хөрөнгийн зах зээл өндөр хөгжилтэй байтугай хөгжиж буй ижил төстэй орнуудтай харьцуулахад ч хэмжээ, хөрвөх чадвар, дэд бүтцийн хувьд хоцрогдсон байгаа юм. (СЗХ-ЗЗХГ, 2015)

Хүснэгт 1. Хөрөнгийн зах зээлийн зарим үзүүүлэлтээр Азийн улсуудын харьцуулалт

Зах зээлийн үнэлгээ ДНБ-д эзлэх хувь Арилжааны дүн ЗЗҮ-д эзлэх хувь (хөрвөх чадвар)
Монгол 7% 1.7%
Вьетнам 24% 55%
Индонез 52% 31%
Тайланд 113% 80%
Сингапур 256% 26%
Өмнөд Солонгос 79% 82%
Япон 104% 120%

 

 

Хөрөнгийн зах зээлийн сул хөгжлийн улмаас эдийн засагт дараас сөрөг үр дагаврууд бий болж байна:

  1. Бодит эдийн засгийн өсөлтийг дэмжих урт хугацаат, хүү багатай санхүүжилтийн суваг хязгаарлагдмал байна. Арилжааны банкуудын бизнесийн зээлийн дундаж хүү 22%, хугацаа нь 36 сар байгаа өнөөгийн нөхцлийг өөрчилж шинэ санаа, инновациуд урт хугацаатай санхүүжилт босгодог болох үндсэн нөхцөл нь Хөрөнгийн зах зээлийн хөгжил юм.
  2. Эдийн засгийн өсөлтийн хүртээмж бага байна. Өмч хувьчлалын үеэр үүссэн болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшихээр бүртгүүлсэн дансуудыг тооцвол манай иргэн бүр шахуу үнэт цаасны данстай боловч тэдгээрийн ердөө 1% нь арилжаанд идэвхитэй оролцдог. Өөрөөр хэлбэл томоохон хувьцаат компаниудын ашиг орлогын болон зах зээлийн үнэлгээний өсөлт олон түмэнд хүртээлгүй, өргөн утгаар нь харвал эдийн засгийн өсөлтийн хүртээмж хүмүүст хүрч дундаж давхарга бий болох нөхцөл бүрдээгүй байна.
  3. Санхүүгийн системийн эрсдэл өндөр, валютын орох урсгал Гадаадын шууд хөрөнгө оруулалт, цөөн тооны экспортын бүтээгдэхүүний орлого гэсэн хоёрхон сувагтай. Мэргэшсэн хөрөнгө оруулагчид, тэдгээрийн эрсдлийг бууруулах санхүүгийн хэрэгслүүд байхгүйгээс санхүүгийн системийн нийт эрсдэл банкны салбар буюу тэдгээрийн хадгаламж эзэмшигчдийн нуруун дээр төвлөрч байна. Валют урсгал буюу мөнгөн хөрөнгө гаднаас орж ирэх гол суваг болсон санхүүгийн хөрөнгө оруулалт маш бага /3 тэрбум ам.доллар/(Mонгол банк, 2015), гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр /16 тэрбум ам.доллар/ орж ирж байна. Харьцуулбал хөгжингүй орнуудад гадаадын нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь нь санхүүгийн хөрөнгө оруулалт, үлдэх 40 орчим хувь нь шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр ордог байна. (McKinsey Global Institute , 2013)

 

Эдийн засгийн өсөлтийг тэтгэх санхүүгийн гол эх үүсвэр нь иргэд, байгууллагын хуримтлал,  түүнд суурилсан хөрөнгө оруулалтын сангууд болон, банк, даатгалын компанийн төвлөрүүлсэн хөрөнгө, мөн зарим улсад улсын тэтгэврийн болон байгалийн баялгийн сангууд байдаг.

Энэ оны 6-р сарын байдлаар манай улсад дотоодод бүртгэгдэж хөрөнгө төвлөрүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулалтын сан байхгүй, үнэт цаасны салбарын зах зээлийн нийт үнэлгээ буюу хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө 1,3 их наяд төгрөг, даатгалын компаниудын нийт актив 152 тэрбум төгрөг үүнээс 10 хүртэл хувийг л хөрөнгийн зэх зээлд байршуулах боломжтой. Харин банкны салбарын нийт хадгаламж 7,2 их наяд төгрөг байгаагийн 2,3 их наяд нь том хадгаламж эзэмшигчид буюу потенциалны хөрөнгө оруулагчдад ногдоно. Улсын мэдлийн хөрөнгө оруулалтын сан одоогоор байхгүй, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зах зээлд байршуулдаггүй. Уг сангийн 10 хувийг хөрөнгийн зах зээлд оруулдаг болох мөн банкуудын том хадгаламж, даатгал, банк бус санхүүгийн байгууллагуудын актив, Чингис, Самурай бондын тус бүр 10 хувийг хөрөнгийн зах зээл рүүгээ татахад нийт 547 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэрийг бий болохоор байгаа нь манай хөрөнгийн зах зээлийн богино хугацаан дахь дотоодын эх үүсвэрийн потенциал гэж үзэж болох юм.

Гэтэл хөрөнгийн хэрэгцээ шаардлага буюу гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгох төслүүд, стратегийн орд газруудын маань санхүүжилтэд 80-100 их наяд төгрөг шаардагдахаар байна[1]. Үүн дээр Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт шаардлагатай 43 их наяд гэх мэтээр хөрөнгийн хэрэгцээ шаардлага асар ихээр тоологдоно.

Товчоор хэлбэл манай улсын хувьд дотоодын эх үүсвэрүүдээ хөрөнгийн зах зээлд эргэлтэнд оруулахын зэрэгцээ олон улсын санхүүгийн интеграцид нэгдэн орж хөрөнгө босгох үр ашигтай тогтолцоог бий болгох нь нэн чухал байна. Үүний тулд дэд бүтэц, зохицуулалтын орчноо олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлж улмаар Улаанбаатар хотод олон улсын санхүүгийн төв бий болгох шаардлага гарч ирж байна .

 

Олон улсын санхүүгийн төвүүд

Их Британийн тинк танк хүрээлэн ZYen-ээс гаргадаг “Глобал санхүүгийн төвүүдийн индекс” нь олон улсын санхүүгийн төвүүдийг гол үзүүлэлтүүд, шинж чанараар нь эрэмбэлдэг хүлээн зөвшөөрөгдсөн судалгаануудын нэг юм. (ZYen Group, 2015)

Уг судалгаанд санхүүгийн төвүүдийг үндсэн таван багц 105 үзүүлэлтийн хүрээнд хүчин зүйл тус бүрээр улс хотуудыг үнэлсэн албан ёсны индексүүд болон хэрэглэгч болох санхүүгийн салбарын шийдвэр гаргах түвшний 3500 орчим мэргэжилтнээс авсан санал асуулгад үндэслэн эрэмбэлдэг.

 

Хүснэгт 2. Глобал санхүүгийн төвүүдийн индекс 2015 Ерөнхий үр дүн

husnegt1

Глобал санхүүгийн төвүүдийн индекс нь санхүүгийн төвүүдийг нэгтгэн эрэмбэлэхийн зэрэгцээ Холбогдсон байдал буюу тухайн санхүүгийн төв нь дэлхий дахины зах зээлтэй хэрхэн холбогдсон, хэр танигдсан байдал, Олон талт байдал буюу бизнесийн олон салбар чиглэлийг багтаасан байдал, Төрөлжилт буюу эдийн засаг, бизнесийн тодорхой салбарт төвлөрсөн байдал гэсэн 3 чиглэлээр ангилснаар глобал лидерүүд, бүс нутгийн тодорхой салбарт төвлөрсөн гэх мэтээр өрсөлдөөний олон сегментэд ангилсан байдаг.

 

Уг ангиллыг газрын зургаар илэрхийлсэн доорх зургаас Төв Ази, Зүүн хойд Азийн өргөн уудам газар нутагт их хэмжээний байгалийн баялаг, олон сая хүн байгаа хэдий ч глобал болон бүс нутгийн лидер гэгдэх санхүүгийн төв байхгүй байгаа нь харагдана.

 

Зураг 1. Глобал санхүүгийн төвүүдийн ангилал, рейтинг

zurag1

 

 

 

 

Олон улсын санхүүгийн төвүүдийн өрсөлдөх чадварын хүчин зүйлсийг мөн ГСТИ дараах байдлаар тодорхойлсон байна.

Хүснэгт 3. Санхүүгийн төвүүдийн өрсөлдөх чадварын хүчин зүйлс

Бизнесийн орчны хүчин зүйл Санхүүгийн салбарын хүчин зүйлс Дэд бүтцийн хүчин зүйлс Хүмүүн капитал Ерөнхий хүчин зүйлс
Улс төрийн тогтвортой байдал, хуулийн засаглал Арилжааны хэмжээ, хэлбэлзэл Барилга оффисын дэд бүтэц Чадвартай ажилтны хүртээмж Хотын брэнд имиж
Засаглал, зохицуулалтын орчин Хөрөнгийн хүртээмж Тээврийн дэд бүтэц Боловсрол, хөгжил Инновацийн түвшин
Макро эдийн засгийн орчин Бизнесийн салбаруудын өргөжилт, гүнзгийрэлт Мэдээлэл холбооны дэд бүтэц Уян хатан хөдөлмөрийн зах зээл, түүний зохицуулалт Хотын үзэмж, түүх соёлын газруудын төрөлжилт
Татвар, зардлын өрсөлдөх чадвар Ажил эрхлэлт, эдийн засгийн гарц Байгаль орчин, тогтвортой хөгжил Амьдралын чанар Газар зүйн байрлал

 

Хэлэлцүүлэг, санал дүгнэлт  

Давуу ба сул тал, боломжоо үнэлсний үндсэн дээр Улаанбаатар хотод бүс нутгийн хэмжээний олон улсын санхүүгийн төв байгуулах төлөвлөгөөг сайтар боловсруулж тууштай хэрэгжүүлбэл үр дүнд хүрэх боломж байгаа эсэх талаар мэргэжлийн түвшний хэлэлцүүлэг өрнүүлэх  шаардлагатай байна.

АНУ-ын Үнэт цаасны Салбарын Нэгдэн Холбооноос гаргасан тайланд дэлхийн түвшний санхүүгийн төв бий болгоход дараах хүчин зүйлс шийдвэрлэх үүрэгтэй хэмээн тодорхойлжээ. (Securities Industry Association, 2009)

  • Нээлттэй, шударга санхүүгийн зах зээл
  • Хөрөнгийн чөлөөт урсгал, валютын чөлөөтэй хөрвөлт
  • Чадварлаг боловсон хүчин, уян хатан хөдөлмөрийн хууль
  • Олон улсын түгээмэл хэлний хэрэглээ /Англи хэл/
  • Нээлттэй, үр ашигтай, шударга хуулийн тогтолцоо, зах зээлийн зохицуулалт
  • Санхүү, бүртгэлийн олон улсын стандарт
  • Өрсөлдөх чадвартай, тогтвортой татварын дэглэм
  • Өндөр чанартай, найдвартай мэдээллийн технологийн дэд бүтэц
  • Оффисын зардал бага
  • Тогтвортой улс төр, эдийн засгийн орчин

Дээрх хүчин зүйлсээр Улаанбаатар хотыг үнэлбэл Төв Ази болон Зүүн хойд азийн бүс нутагтаа өрсөлдөх чадвар өндөртэй байж болох юм. Ялангуяа нээлттэй, ардчилсан улс төрийн тогтолцоо, хөрөнгийн хяналтгүй /capital control/ валютын чөлөөт хөрвөх ханш, татварын орчин зэрэг үзүүлэлтээр тэргүүлэх хэмжээнд бий. Харин тогтвортой байдал, үр ашигтай зохицуулалт болон итгэлтэй шударга хуулийн тогтолцоог бий болгох эсвэл энэ чиглэлээр тусгайлан хууль гаргаж Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод бий болгосонтой адил олон улсын түгээмэл хууль үйлчилдэг тусгай бүсийг ч байгуулж болох юм.

Дээрх судалгааны тойм, хэлэлцүүлгийн сэдвүүдийн дагуу цаашид хийгдэх шаардлагатай ажлуудыг санал болгож байна. Үүнд:

  1. Олон улсын санхүүгийн төвийн өрсөлдөх чадварын үзүүлэлт тус бүрээр Улаанбаатар хотыг судалж бодит боломж, нөхцлийг үнэлэх
  2. Олон улсын санхүүгийн интеграцийн Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, түүний бодлогын шийдлийг нарийвчлан судлах
  3. Санхүүгийн салбарын 2020он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос дэвшүүлсөн, мөн Улаанбаатар хотын зүгээс санаачлага гаргаад байгаа Улаанбаатарын олон улсын санхүүгийн төв байгуулах зорилгыг хэрэгжүүлэх стратегийг боловсруулах

Ашигласан эх сурвалж

Calvi, R. (2010 September). Assesing financial integraton: a comparison between Europe and East Asia. Economic papers 423. Directorate-General for Economic and Financial Affairs, EU .

IMF. (2000 June). Offshore Financial Centers. International Monetary Fund: https://www.imf.org/external/np/mae/oshore/2000/eng/back.htm

McKinsey Global Institute . (2013). Global Capital Markets . McKinsey .

Mонгол банк. (2015). Гадаад позицийн тайлан 2015 оны эхний хагас жил УГ. http://www.mongolbank.mn/liststatistic.aspx-ээс

Securities Industry Association. (2009). Key Building Blocks of World Class Financial Centers. Securities Industry Association, USA.

Wihardja, M. M. (2013). Financial Integration Challenges in ASEAN beyond 2015. Economic Research Institute for ASEAN and East Asia.

Worthington, A. C., & Higgs, H. (2007). Assessing Financial Integration in European Union equity markets: 1990-2006. University of Wollongong.

ZYen Group. (2015). Global Financial Centres Index 17. City of London corporation.

СЗХ-ЗЗХГ. (2015). Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн харьцуулсан судалгаа. Санхүүгийн Зохицуулах Хороо.

 

[1] СЗХ. Зах зээлийн хөгжлйн газрын судалгаа

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s