Улсын эрүүл мэндийн даатгал ба Taiwan National Health Insurance

Манай эрүүл мэндийн салбар хөгжихгүй, дээр нь дундаж магадгүй түүнээс ч дээгүүр орлоготой жирийн иргэд олон улсын түвшний эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, гэнэтийн аливаа асуудал гарахад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болдогийн гол шалтгаан нь эрүүл мэндинй даатгалын тогтолцоо юм. Сар бүр цалингаасаа өгдөг мөнгөөр дүүргийнхээ эрүүл мэндийн төвөөс ч үйлчилгээ авч чаддаггүй маань төр энэхүү даатгалын тогтолцоог дампууруулж үнэн хэрэгтээ татвар мэт ашиглан тэтгэврийн хэдэн хөгшний эмийг хөнгөлөх төдийгөөр хуурч байдагтай холбоотой. Тиймээс эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж хувийн даатгагчдыг сонгох боломж бий болгон төрийн болон хувийн эмнэлгүүдэд даатгалын нөхөн төлбөрийн төлөө ижил тэгш өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэж би хувьдаа үздэг.

Харин Тайваны эрүүл мэндийн яамны харъяа Үндэсний ЭМД-ын агентлаг нь иргэдийнхээ талархлыг ч сайн хүртээд зогсохгүй сүүлийн үед нэлээд модонд орж өндөр хөгжилтэй орнууд хүртэл шохоорхох болсон тул дарга цэргүүдтэй нь уулзсан завшааныг ашиглан жоохон асууж судлав. Тус байгууллага нь үндсэндээ манай ЭМД-ын сан гэдэгтэй адил улсын мэдлийн хамгийн том даатгагч бөгөөд хувийн даатгалын компаниуд нь зарим өндөр үнэтэй премиум үйлчилгээ, аялалын даатгал гэх мэт бага сагахан бүтээгдэхүүн санал болгох төдий байдаг юм байна. Даатгалын хураамж нь сар бүрийн  үндсэн цалингийн 4.69 хувь, үүнээс төрийн албан хаагч, уугуул оршин суугчид, эмзэг бүлэг, цэргийнхэн гэх мэт тусгай бүлгүүдийн хувьд төр 30-100 хувь даах тохиолдол бий. Мөн капиталын хурамтлал, хөрөнгө борлуулсны орлого гэх мэт нэмэлт орлогоос 1.9 хувь авч орлогын баазаа нэмэгдүүлэх санаатай ч энэ төрлийн хураамжийн орлого нийт хураамжийн ердөө 5 хувь л байдаг юм байна.

Даатгал нь ажилтай хүн бүрийн хувьд албан журмын харин чадалгүй нэгийнх нь хураамжийг төр даачихаж байгаа учраас үндсэндээ хүн бүр даатгалтай, тиймээс хэн нэг ядарсан хүн өвчин зовлон тусаад эмчлүүлж чадахгүй гэх асуудал байхгүй болсонд энэ тогтолцооны гол давуу тал оршиж байаа юм.  Өөрөөр хэлбэл хүн бүр шаардлагатай ЭМ-ийн үйлчилгээгээ авах санхүүгийн баталгаатай гэсэн үг. Мөн тус улсын ЭМ салбар өндөр түвшинд хөгжсөн учраас ЭМ-ийн чанартай үйлчилгээг санхүүгийн тааламжтай нөхцлөөр (affordability) авах боломж гэдэг үзүүлэлтээр тус улс дэлхийд тасархай тэргүүлж байна. 

Гэвч тус улсын ЭМД-ын тогтолцоог эдийн засгийн талаас нь харвал учир дутагдалтай талууд бас байна. Нэгэнт ЭМ-ийн салбарын орлого буюу үйлчилгээний ихэнхи төлбөр нь даатгалын сангаас олгогддог болсноор төрийн мэдлийн монополь даатгагч маань тус салбарын бараг цорын ганц худалдан авагч буюу үнэ тогтоогч болж байна. Үр дүнд нь эмнэлэгүүдийн өрсөлдөөний интуиц буурч хөрөнгө оруулалт багасна. Эмч, сувилагч нарын хувьд үнэ тогтоолт гэдэг бол цалин тогтоолт гэсэн үг тул бага үнэ тогтоож их үйлчилгээ авах сонирхолтой улсын даатгалыг шүүмжлэх хандлага хэдийн бий болжээ. Мөн хурдацтай нэмэгдэж байгаа насжилттай зэрэгцэн эмнэлэг хэсч үнэгүй үйлчилгээ аль болох их авах сонирхолтой хүмүүс ихэссэнээр тус улсын иргэдийн эмнэлэгээр үйлчлүүлэх дундаж давтамж дэлхийд хамгийн өндөр буюу жилд 15 болоод байна. Тайпейгийн томоохон эмнэлэгүүдийн нэг Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгээр ороход энэ байдал ажиглагдаж байсан бөгөөд тус эмнэлэгийн олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан хэлэхээ гадаад өвчтөн буюу ЭМ-ийн турист ихээр авч орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой боловч иргэд болон даатгалын сан нь дэмждэггүй гэж ярьж байв.

Улсын даатгалын сан нь санхүүгийн хувьд мөн баталгаатай хөл дээрээ зогсоогүй, 1995 онд байгуулагдснаасаа хойш сүүлийн 2-3 жил л ашигтай гарч байгаа боловч хураамжийн ихээхэн хэсгийг төр өөрөө төлж байгаа тул үндсэндээ нэг халааснаасаа нөгөө халаасандаа хийчихээд байгаа гэсэн үг. Хүн амын дундаж наслалт ихээхэн нэмэгдэж 80 нэлээн гарсан болон ЭМ-ийн үйлчилгээний өртөг нэмэгдэж байгаатай холбоотойгоор ойрын хугацаанд тус сангийн зарлага, орлогоосоо давах хүлээлттэй байна. Иймд даатгалын хураамжийн хувь хэмжээгээ нэмэх, өндөр орлоготой хүмүүсээс илүү төлбөр авах замаар орлогын эх үүсвэрээ өргөжүүлэх арга нэгэнт хайгаад эхэлжээ.

Тайваны тогтолцооноос харахад хүн бүр албан журмаар даатгуулан өндөр орлоготой хэсэг нь илүү их хураамж (ногдох хувь нь ижил) төлж даатгалын сан бүрдүүлэх, мөн төрөөс зорилтот бүлгүүдийнхээ хураажийн орлогыг тодорхой хувиар төлөлцөх замаар хэнийг ч орхихгүй хамруулж хүн нэг бүр үнэ цэнэтэй байх нөхцлийг хангасан тогтолцоо нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд зөв юм байна гэж бодогдлоо. Гэхдээ даатгагч нь төрийн монополь байх нь манай төдийгүй Тайваний нөхцөлд буруу харагдаж байгаа тул өрсөлдөөнийг хангах нь зөв бизээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s