ХХОАТ-ын өөрчлөлтийн талаар; 25% шударга уу?

Намзасаг ажил төрөлтэй ард иргэдийн маань 1.6 хувь буюу 1 сая хүн ажил эрхэлдэг гэж үзвэл 16000 орчим этгээд  сарын ₮2.5 саяаас дээш цалинтай “тансаглагчид” гэж үзэн нэг шатлалт татвараа халж 25 хувийн татвар ногдуулахаар болж байгаа юм байна. Үүнийгээ OECD буюу өндөр хөгжилтэй орнуудын нийгэмлэгийн ХХОАТ-ын дундаж хэмжээ 42 хувь байгаагаар зөвтгөн тайлбарлажээ. Гэвч дараах хэд хэдэн нөхцлийг харьцуулан судалж үзвэл уг тайлбар бодитой бус мангартуулалт болохыг хялбархан ойлгож болохоор байна.

Юуг юутай харьцуулах? 
Дарга нарын иш татаж буй KPMG-ийн хүснэгтэд тухайн улсуудын ХХОАТ-ын дээд хэмжээнүүдийг нэгтгэж дундажыг тооцсон байна. Харин шатлалт татварын ахиуц хувь буюу marginal rate хэдээс эхэлдэгийг дэлгэрүүлж үзвэл шал өөр дүр дураг харагдана. Тухайлбал хамгийн өндөр татвартай гэгдэж байгаа Дани улсыг жишээ авахад 56% гэдэг нь байж болох хамгийн дээд хэмжээ болохоос хүн бүр тэгж төлдөг гэсэн үг биш. Бодит байдал дээр 44,000 дани крон буюу $6,600 хүртэл үндсэн орлогод 0%, $6,600-$70,200 хүртэл орлогод 15% гэх мэтээр шаталдаг тул бодит татварын хувь буюу effective tax rate тухайн улсын дундаж орлоготой нэг иргэний хувьд 32-36 хувийн орлогын татвар улсад төлдөг байна. Гэтэл манайд $13,300 орлогод 25%-ийн татвар ноогдуулах гээд түүнийгээ Данитай харьцуулаад байж болохгүй. Түүнчлэн Данийн иргэдийн төлсөн татварынхаа хариуд улсаас авдаг нийтийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын чанарыг Монголтой харьцуулах нь аргагүй.

Орлогын төрөл бүрт өөр хувь үйлчилж болно
Олон шатлалт татвартай улсуудад орлогын хэмжээнээс гадна орлогын төрөл бүрт өөр өөр хувь хэмжээ үйлчилдэг. Учир нь зөвхөн цалингийн орлоготой ажилчин байх, үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэгч, хүүгийн болон хөрөнгө оруулалтын ашиг хүртэгч зэргийг ялгаж зааглах нь илүү шударга гэж үздэгээс тэр.
Манайд бол соёл урлаг, ШУ-ны бүтээлийн орлогоос бага татвар авдагаас өөр зохицуулалт байхгүй байх. Харин ч хадаламжийн хүүгийн орлогыг татвараас чөлөөлсөөр байдаг нь үнэндээ цөөн хүн д ашигтай бөгөөд хөрөнгийн зах зээлийнхээ хөгжилд сөрөг нөлөөтэй явж ирлээ.

Амьжиргааны түвшин болон нийгмийн үйлчилгээний чанар 
45%-ийн татвартай гэгдээд байгаа Австрали улсад жилийн AUD 18,200 буюу манайхаар яг ₮30 сая хүртэл орлогыг ХХОАТ-аас бүрэн чөлөөлдөг. (Иргэддээ) Гэтэл манайд энэ хэмжээний орлоготой иргэдийг баян гэж үзэх үү? УБ-ын амжиргааны өртөг Австаралиас илүү гарна уу гэхээс дутахгүй тул үнэндээ тэд ядуучууд гэж болно.
Гэхдээ дотоодын стандартаар авч үзвэл иймэрхүү хэмжээний орлоготой хүмүүсийг манай нийгмийн дундаж давхрага гэж хэлж болох юм. Учир нь тэд бүгд орон сууцны зээлтэй, япон машинтай, хүнсний дэлгүүрээр 7 хоногтоо нэг ордог учраас эдийн засгийг авч яваа гэж болно. Энэхүү эмзэгхэн дундаж давхрагын зарцуулах орлогыг (disposable income) бууруулснаар тухайн иргэдийн хувьд төдийгүй бизнесийн үйл ажиллагаа цаашлаад нийт эдийн засагт сөрөг нөлөө нь их байх болно. 


Хүн бүр адилгүй 
Яг адилхан хэмжээний орлого олж байгаа хоёр хүний цаанаа өөр өөр амьдрал байдаг тул ялгаж заагласан татварын бодлого хэрэгжүүлэх хандлага сүүлийн үед давамгайлах болсон. Үүнтэй холбоотой нэг том асуудал нь тухайн орлогоор хэдэн хүн амьдарч байна вэ гэдэг асуудал. Тиймээс OECD-ын орнуудад ижил цалинтай хоёр ажилтны нэг нь ганц бие нөгөө нь гэрлэсэн хоёр хүүхэдтэй бол гэр бүлтэй нь нөгөөгөөсөө дундажаар 9.2 нэгж хувиар бага татвар төлж байна. Цаашлаад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон хүмүүс гэх мэт нийгмийн бүлгүүдэд ялгавартай татварын хувь тогтоодог практик байна.

Харин маш өндөр орлоготой хүмүүсээс илүү татвар авна гэдэгт хувь хэмжээг нь хавтгайруулан нэмэх биш татвар ногдох орлогын төрөл зүйлээ өргөжүүлэх арга хамгийн зөвд тооцогдоно. Түүнээс биш дундажаас нь нэмж аваад тарааж өгөх арга оновчтой байж огт чадахгүй. Яг үнэндээ ХАОТ-ыг өргөн барьсан төслөөр 2 шатлалд шилжүүллээ гээд улс нэмэлт 60 тэрбум олно гэдэг юу л бол.

Эх сурвалжууд:

KPMG, Individual income tax rates table, 2016
https://home.kpmg.com/xx/en/home/services/tax/tax-tools-and-resources/tax-rates-online/individual-income-tax-rates-table.html

OECD, Taxing Wages: tax burden on labour income in 2015 and recent trends, Accessed in Sep 2016
http://www.oecd.org/ctp/tax-policy/taxing-wages-tax-burden-trends-latest-year.htm

ATO, Individual income tax rates, accessed in Sep 2016
https://www.ato.gov.au/rates/individual-income-tax-rates/

http://stats.oecd.org/index.aspx?DataSetCode=TABLE_I6

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s