ЯГААН ЭДИЙН ЗАСГИЙН ТУХАЙ

Бэлгийн цөөнхийн асуудал эдийн засагчийн нүдээр

Oсоржамаа гэдэг хүүхдийн тухай асуудал сошиал ертөнцөд хүчтэй маргаан дэгдээж байна. Зарим нь түүнийг зүгээр л бэлгийн цөөнх чиг баримжаатай нэгэн тул зөнгөөр нь орхи гэж байхад нөгөө хэсэг нь сэтгэцийн өвчтэй гэх мэтээр гоочлон дээрэлхэж түүнийгээ бахдал болгон постолж байх юм. Осоржамаа үнэндээ хэн болох нь надад огтоос хамаагүй бөгөөд ямар нэг байдлаар дүгнэх гэсэнгүй. Гагцхүү олон нийтийн анхааралд байгаа цөөнхийг ялгаварлан гадуурхах асуудлыг нийгэм, соёл, ёс зүйн үүднээс бус цэвэр эдийн засагчийн нүдээр харснаа хуваалцаж байна.

Оршил болгон хэлэхэд эдийн засгийн ухааныг амьдралаас хол хөндий, хийсвэр загвар, томъёо зэрэгт баригдсан уйтгартай ажил гэж хүмүүс ойлгох нь бий. Үнэн хэрэгтээ энэ бол байгаль, нийгмийн шинжлэх ухааны аль алиных нь шинж чанарыг хамарсан судалгааны өргөн талбар тул өдөр тутмын алив бүх асуудлыг эдийн засгийн үүднээс харж чадах аваас тун сонирхолтой, сэтгэл татам шинжлэх ухаан билээ.

Микро түвшинд
Лесби, гомо, бисексуал, трансжендер буюу ЛГБТ байх нь сонголт уу эсвэл төрөлхийн үү гэдэг маргаантай асуултад эдийн засагчид энэ бол сонголт биш гэж хариулахаар юм байна. Учир нь эдийн засгийн анализийн нэг үндсэн таамаглал болох ухаалаг (рациоаналь) хандлага талаас авч үзвэл ийм сонголтын төлөөс нь хүртэх (хэрэв байдаг бол) үр ашгаасаа хавьгүй илүү ноцтой тул өөрийн хүслээр ийм рациональ бус сонголт хийх хүн тийм олонгүй байх.

Ердийн бус бэлгийн хандлагатай хүмүүс бага наснаасаа эхлэн сургуулийн орчинд дээрэлхүүлж, гэр бүлдээ ад үзэгдэж, ажлын байранд ялгаварлан гадуурхагддаг тул энэ бүхнийг тэсч гарч боловсрол эзэмшиж ажил мэргэжлээрээ амжилтанд хүрэх хүнд байдаг. Үүний үр дүнд онцгой авъяас чадвартай ч байж болох эдгээр хүмүүс ядуурлын эгнээнд шилждэг тухай цөөнгүй судалгаанууд байна. Монголд 2014 онд Ц.Отгонбаатар нарын хийсэн “ЛГБТ хүмүүсийн ядуурлын судалгаа”-нд дурдсанаар улсын нийт ажилгүйдлийн түвшин 7.8% байхад бэлгийн цөөнх хүмүүсийн ажилгүйдэл 10.4% буюу бараг 3 нэгжээр илүү гэжээ. Иймээс тэд бэлгийн чиг хандлагаа ихэвчлэн нууцалдаг бөгөөд ил гаргах юм бол ажилгүй болох аюул бүр илүү нэмэгдэж улмаар ядууралд унах магадал 2 дахин нэмэгддэг байх нь. (Ц.Отгонбаатар нар, 2014)   Том Хэнксийн Оскарын шагнал авсан “Филаделфиа” кинонд гялалзтал дэвшиж явсан өмгөөлөгч залууг дох-той, гомо гэдгийг мэдмэгцээ компани нь нүүр буруулж үүний эсрэг хууль болон сэтгэл зүйн тулаан хийж байгаа тухай гардаг. 90-ээд оны эхэн үеийн Америкийн энэ нөхцөл байдал олон улсад одоо ч байдаг.

Гэтэл иймэрхүү ялгаварлан гадуурхалтаас ажил олгочид буюу компаниуд ч үнэндээ хожихгүй харин ч боломжоо алдаж байдаг ажээ. “Open For Business” нэртэй дэлхийн хамаг том корпорациудыг эгнээндээ багтаасан холбооны тайлангаас үзэхэд зөвхөн үзэл бодол, шашин шүтлэг, арьс өнгө төдийгүй бэлгийн янз бүрийн хандлагатай ажиллагсдад эрх тэгш боломж олгож диферсификаци хийсэн компаниуд илүү амжилтанд хүрч байна. АНУ-ын хамгийн том 20 компанийг авч үзэхэд 14 нь ажлын байран дээрх ЛГБТ хүмүүсийн тэгш байдлыг үнэлдэг Корпорацийн Тэгш байдлын Индексээр (CEI) 100 оноо авчээ.

Тэр бүү хэл ийм олон талт байдал нь хөрөнгийн зах зээл дээр ч үр дүнгээ өгч байгаа гэнэ. Дээр дурдсан ЛГБТ тэгш байдлын индексээр хамгийн өндөр үнэлгээтэй компаниудад хийсэн 10,000 долларын хөрөнгө оруулалтын үнэ цэнэ 2004-2014 онд 41,155 болж өсч байхад зах зээлийн дундаж буюу S&P 500 индексийн компаниудад хийсэн ижил хөрөнгө оруулалт түүнээс 2 дахин бага буюу 20,425 доллараар хэмжигджээ. (John Miller, 2015)

Цөөнхийн эрх тэгш байдлыг хангах нь компаниудын хувьд авъяас чадвартай ажилтнуудыг татах, тогтоон барих хөшүүрэг болохын зэрэгцээ компанийн нийгмийн хариуцлагын нэг том үзүүлэлт болж корпорацийн имижийг бүрдүүлдэг байх нь. Хэрэв Аpple энэ талаар хуучинсаг хандлагатай байсан бол ийм бүтээлчээр шинийг санаачлагч байж чадахгүй байсан гэж тус компанийн Гүйцэтгэх захирал, нээлттэй гей Тим Күүк хэлсэн байх юм. Мөн сонирхуулахад дэлхий даяар 200,000 гаруй ажилтантай Sturback’s-ийн нэгэн томоохон хөрөнгө оруулагч тус компани гомо нарыг хэт дэмжиж байгаа тухай гомдоллоход Гүйцэтгэх захирал Ховард Шулц “тэгвэл хувьцаагаа зарчихаач” гэж хариулж байжээ.

Макро түвшинд
Эдийн засгийн тулгын гурван чулууны нэг нь хүмүн капитал учир ялгаварлан гадуурхах явдал нь тухайн хувь хүн, компанийн буюу микро түвшинд төдийгүй макро түвшинд хохиролтой байдаг байх нь. Дээр дурьдсан хувь хүмүүсийн ажилгүйдлийн эрсдэл нь макро түвшинд ядуурал, чадалтай ажилтнаа алдах компанийн эрсдэл нь “оюуны дайжилт” болж тусна.

Үүнээс гадна нийгмийн энэ бүлгийг ялгаарлан гадуурхаж эдийн засгийн потенциалыг нь үл ашигласнаас үүдэх алдагдсан боломж чамгүй өндөр бололтой. Дэлхийн банкнаас Энэтхэгт явуулсан судалгаагаар тус улс бэлгийн цөөнхөө ялгаварлан гадуурхснаас үүдэх алдагдал нь ойролцоогоор 32 тэрбум доллар буюу тус улсын ДНБ-ий 2 хувьтай дүйнэ гэжээ. (Badget, 2014) Манай улсын хувьд ийм судалгаа байхгүй бөгөөд ЛГБТ хүмүүсийн эзлэх хувь ч Энэтхэгээс ямар байдгийг мэдэхгүй тул харьцуулж болохгүй байна.

Нэг зүйл тодорхой байгаа нь улс орнуудын эдийн засгийн хөгжил, хүний эрхийн үзүүлэлт түүн дотроо бэлгийн цөөнхийн эрхийн байдал хоёр шууд хамааралтай байгааг эмпирик судалгаанууд харуулж байна. Гэхдээ эдийн засгийн хувьд хөгжингүй орнууд ЛГБТ эрхийг илүү хамгаалж байна уу эсвэл тэдний эрхийг хамгаалах нь эдийн засагтаа эергээр нөлөөлж байна уу гэдгийг энэ төрлийн судалгаа шууд хэлэхгүй. Ямартай ч Калифорнийн их сургуулийн багийн хийсэн судалгаанд хөгжиж буй 39 орныг сонгон авч нэг хүнд ногдох ДНБ-ийг нь ЛГБ эрхийн индекс болон Трансжендер эрхийн индекстэй нь харьцуулахад хүчтэй корреляци буюу шууд хамаарал байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн уг судалгаанд бэлгийн цөөнхийн асуудлаар нэг үзүүлэлт сайжрахад нэг хүнд ногдох ДНБ 1400 доллараар нэмэгдэж байна гэжээ.  (UC Law School, 2014)

By A.Batpurev, a straight economist

Ашигласан эх сурвалж
Ц.Отгонбаатар нар. (2014). LGBT Poverty study in Mongolia. UNDP.
Badget, M. L. (2014). The economic cost of stigma and excursion of LGBT: A case study of India. World Bank.
John Miller, L. P. (2015). The economic and business case for LGB&T inclusion. Open For Business. Open For Business.
UC Law School. (2014). The relationship between LGBT inclusion and Economic development: An analysis of emerging economies. Univesrity of California Law School. University of California & USAID.

1 Comment

  1. Сайн байна уу. Таны пост таалагдлаа. Гэхдээ бэлгийн чиг баримжаа гэдэг үг ашиглаасай гэж хүсэж байна. Хандлага гэдэг үг нь өөрчлөгддөг, сонгож болдог гэсэн утга агуулдаг учир баримжаа гэдэг үг утгын хувьд илүү оновчтой. Мөн гомо биш гей, лесбиян гэх нэр томъёог ашиглаарай. Баярлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s